
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц буюу салбарын 2026 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.08.12) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллага, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын 150 орчим төлөөлөл оролцов.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь харьяа 11 агентлаг, байгууллага болон сайдын дэргэд бие даасан үйл ажиллагаа явуулдаг нэг зөвлөлийн бүтэцтэй, нийт 28 мянга орчим алба хаагч, ажилтны бие бүрэлдэхүүн бүхий Монгол Улсын төрийн захиргааны үндсэн чиг үүргийн төв байгууллага юм. Салбарын хэмжээнд ирэх оны төсвийн төслийг нэгтгэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон төсвийн хэмнэлтийн бодлогод уялдуулсаны зэрэгцээ хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тооцооллыг эрэмбэлж 2.9 их наяд төгрөгийн төсвийн төсөл боловсруулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар хэлэлцүүлгийн эхэнд танилцууллаа.

Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 21 аймаг дахь салбар хэлтсүүдээс 15 нь автомашингүй, Шүүх шинжилгээний Ховд, Өвөрхангай аймаг дахь бүсийн төвүүд өөрийн байргүй гэхчилэн хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний нөөц, хангамжийн олон бэрхшээл байгаагаас зайлшгүй шаардлагатай гэсэн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг 2026 оны төсвийн төсөлд багтаагаад байна. Түүнчлэн Гадаадын иргэн харьяатын газар, Архивын ерөнхий газар зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж, амжилт гаргасан цахимжуулалтын ажлын үр дүнг тогтвортой хадгалах зорилго бүхий програм хангамжийн сайжруулалт, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгааг харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд энэ үеэр танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Иргэний нийгэм, захиргааны шинэ санаачилга”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”, “Монголын залуучуудын эвсэл” зэрэг ТББ-ууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороо болон иргэдийн төлөөлөл төсвийн төсөлтэй холбоотой асуулт, саналаа хэлж хариулт авлаа.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж хууль зүй, дотоод хэргийн салбарын 2026 оны төсвийн төсөлд тусгах талаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба иргэн Та энэ сарын 14-нийг дуустал дээрх санал, зөвлөмжөө 11-11 төв болон И-Монгол системд илгээх боломжтой.