
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас СЭМҮТ-д урьдчилсан санхүүгийн хяналт шалгалт хийж, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул ЦЕГ-тай хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-ний хооронд хамтарсан шалгалт зохион байгуулсан байна.
Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Нэгдүгээрт, Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэдэд төлбөрийн баримт олгодоггүй. Үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн байгууллагын албан ёсны данснаас гадуур, өөр хувийн данс руу төлбөр шилжүүлэхийг шаардсан байна.
Мөн 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн 527 сая 875 мянган төгрөгийн төлбөртэй тусламжийн орлогоос 478 сая 970 мянган төгрөгийг иргэд цагтаа ирээгүй, хэвтээгүй хэмээн цуцалж, данснаас буцаан гаргаж авсан зөрчил илэрлээ. Энэхүү мөнгийг СЭМҮТ-ийн дарга нар дотоод ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр авч, хувийн дансанд шилжүүлсэн нь нотлогдон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20 хувьд нь ОНОШИЙН ЗӨРҮҮ гарсан /2024, 2025 оны эхний хагас жилийн байдлаар/" гэсэн ноцтой мэдээллийг хийлээ.