Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаа хариуцлагагүй гүйцэтгэсэн зарим хүнийг ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд Хөтөлбөр арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон,
эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна гэж үзжээ.
Иймд Засгийн газрын хуралдаанаар Пушаагийн Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа.
П.Алтан-Од нь 2024 оны наймдугаар сараас эхлэн тус яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.