УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 10 хоногоор нээгээд буй. Энэ сарын 1-8-нд Улаанбаатар хотоос 23.998 иргэн гарчээ. Тодруулбал, нийслэлээс 885 автобусаар 23,175 иргэн 19 аймгийг зорьсон байна. Мөн 13 онгоцоор 823 иргэн долоон аймаг руу зорчжээ. Өнөөдрийн /2020.12.08/ байдлаар нийслэлийн Амгалан, Драгон, Лавай авто вокзалаас 82 автобусаар 2445 том хүн, 35 хүүхэд хотоос гарчээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд хяналт тавьж байгаа юм. Мөн тус газрын улсын байцаагчид улсын хилээр гарч байгаа болон нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд улсын хилээр нэвтрэн орсон тээврийн хэрэгслийн жолооч нараас халдвар илрээгүй байна.Тодруулбал, улсын хилээр 724 тээврийн хэрэгсэл, 751 жолооч, хилээр гарсан 718 тээврийн хэрэгсэл, 744 жолоочид хяналт тавьжээ. Үүнээс гадна хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хаагдсан аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.