Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүлгийн даргаа авсан “80 оныхон” байнгын хороодыг цөөлж ГОМДОГСДЫН тоог нэмэх гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 54 секунд
Edited by Ubn.mn. Гэрэл зургийг MPA.MN

Шинэ Засгийн газар бий болоод долоо хоног өнгөрч байна. Тулгамдсан олон асуудал толгойны өвчин болох нь гарцаагүй байна. Мэдээж улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудал тулгамдахыг бүгд л мэдэж байлаа. Гагцхүү Г.Занданшатар тэргүүтэй “70 оны” төлөөллүүд улс төрөө хэрхэн давж гарах бол гэдэг л сонин.

Одоо бүгдээрээ дараах хэдэн зүйл дээр маргахаа больж, ойлголтоо нэгтгэцгээе.

  • Эхнийх нь Ардын нам доторх “80 оныхон” болон “70 оныхон” хоорондоо эрх мэдлээ булаацалдаж байгааг,
  • Л.Оюун-Эрдэнийн ахалсан, Д.Амарбаясгалангийн түүчээлсэн Ардын намын “80 оны” төлөөллүүд ахлагчийнхаа буруу нүүдлээс болж үеэрээ “арчуулах” аюулд орсныг,
  • Эрх мэдлээ нэг хэсэг дүү нартаа булаалгасан “70 оныхон” одоо алдсан бүхнээ эргүүлэн авахаар нягтарч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч “хөшигний ард” зогсож буйг,
  • Ирэх намраас эхлээд үе хоорондын тулаан өрнөж аль нэг талаа улс төрөөс бүрэн гаргах. Эсвэл ойлголцож “70 оныхон” дахиад багадаа 6, уртдаа 10 жил засаглах үйл явдал өрнөнө гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе.

НЭГ, “80 оныхон” бүлгийн даргаа авч ах нартаа ГУРАВ ДАХЬ “БЭЛЭГ”-ЭЭ барив

Байдал санасныг бодвол харьцангуй хурдтай өрнөх магадлалтай байна. Өчигдөр Ардын намын бүлгийн даргын төлөөх өрсөлдөөн эрх баригчдын нам доторх дотоод зөрчлийг хангалттай илчлэв. Ингээд өмнө нь хоёр ч удаа ах нартаа сануулга өгөөд байсан “80 оныхон” гурав дахь сануулгаа өгч, бүлгийн даргаа авлаа.

Сайдын суудлаасаа мултарсан Л.Энх-Амгаланг “70 оныхон” бүлгийнхээ даргад зүтгүүлсэн. Тодруулбал, түүнийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт бүлгийн даргад дэвшүүлэх саналыг гаргасан юм. Ерөнхийлөгч “хөшиг”-ний ард энэ хүнийг дэмжиж байсан нь гарцаагүй. Учир нь шинээр байгуулагдсан парламентад бүлгийн даргын эрх мэдэл. Ялангуяа эрх барьж буй намын бүлгийг толгойлж буй хүн бол муухай сайд, УИХ-ын даргаас хавь илүү эрх мэдэлтэй. Дэгийн тухай хуулиараа бүлгийн даргад ирсэн эрх мэдэл үлэмж их. Гагцхүү үүнийг сая ХЗДХ-ийн сайд болсон Л.Мөнхбаатар ашиглаж чадахгүй “унтуулсаар” өдий хүрсэн юм. Гишүүдийн үг хэлэх хуваарийг гаргахаас эхлээд л маш олон деталь хүч олонхийн бүлгийн даргад бий.

Гэтэл нөгөө талд ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийнхөө нэрийг дэвшүүлэв. Түүний ард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар байгаа нь ойлгомжтой. Сайдын суудлаас мултарсан хоёр хүн хоорондоо үзэлцэж эцсийн дүндээ нууц санал хураалтаар Ж.Бат-Эрдэнэ ялалт байгуулах нь тэр.

Түүнийг 32 гишүүн дэмжиж, Л.Энх-Амгаланг 29 гишүүн дэмжсэн байна. Ердөө гуравхан саналын илүүгээр Ж.Бат-Эрдэнийг дэмжиж байсан тал ялалт байгуулсан хэрэг.

Мөн Л.Энх-Амгалангийн хувьд өнгөрсөн хугацаанд сайд байхдаа бүлгийн гишүүдээ тоодоггүй гэдэг гомдолд дарагдаж явсан нэгэн. Хэт дээгүүрт давхиж, сэхээтний төөрөгдөлд орсон гэх зэргээсээ эхлээд намынхан дундаа нэр хүнд муу байдал нь ч түүнийг унахад нөлөөлсөн биз.

Тэгвэл Д.Амарбаясгалан тэргүүтэй "80 оны” төлөөллөөс зүтгүүлсэн Ж.Бат-Эрдэнэ яагаад ялалт байгуулав. Үүгээрээ ах нартаа дүү нар нь ямар сануулга өгөв гэдэг сонин.

Ямар ч байсан сайдуудын томилгоо дээр нэгдсэн “1А”-гийн 30 гишүүн баталгаатай нэг Ж.Бат-Эрдэнийн талд гарчээ. Дээр нь “2А”-гаас сайдын суудалгүй үлдсэн гомдогсдын хоёр нь нэмэгдсэн гэж уншигдаж байна.

Ингээд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тэргүүтэй “80 оны” төлөөллүүд ах нартаа гурав дахь бэлгээ ийнхүү барьж буй нь энэ юм.

Эхнийх нь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах Бага хурал дээр Г.Тэмүүлэнг заалнаас нэр дэвшүүлж З.Занданшатарт цохилт үзүүлсэн явдал байв. Ардын нам шиг босоо удирдлагатай явдаг инцтитуцид томчууд оролцож байж л ийм зүйл болно. Ер нь л нэг хүн нэр дэвшүүлээд 99 хувиар түүнийгээ алга ташин дэмждэг зуршилтай нам. Тийм байхад нам дотроо тодорхой баг, “хөл” байхгүй гэгддэг Г.Тэмүүлэнгийн илтгэлийг сонсоод дэмжиж саналаа өгөх хүн 100 давтлаа өдий. Араас нь Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ болон гаднаас нь Н.Номтойбаяр нар оролцож байж л хийгдэх зүйл.

Харин хоёр дахь сануулга нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг танхимаа бүрдүүлэх гэж байхад нь 30 гишүүн нэгдэж шаардлага хүргүүлсэн явдал байв. Нүүрний эгнээнд зогсож байгаа гишүүдийг харахад л эргэлзэх зүйлгүй Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын “шидсэн чулуу” болох нь харагдаж байв.

Одоо тэд бүлгийн даргаа авч “бяртай” нэгдэл шүү гэдгээ нотолчихож буй юм. Одоо Л.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй нөхдүүд үлдсэн ганц “толгой”-той нь үзэх үү. Эвийн гэрээ байгуулаад хэсэг цаашаа явах уу гэдгээ шийдэх биз. Ямар ч байсан намар, өвлийн цагаар Монголын улс төр төр дахин халах шинжтэй.

ХОЁР, Байнгын хороодыг 8 болгон цөөлөх гэж буй нь ГОМДОГСДЫГ нэмэх гэсэн УИХ-ын даргын улс төр

Эдгээрээс гадна өөр нэг сонирхолтой зүйл парламент дотор өрнөж байна. УИХ-ын дарга шинэ ЗГ-ын кабинет бүрдсэний дараахан нь байнгын хороодын тоог цөөлөх зорилготой ажлын хэсгийг байгуулсан. Үүнийг нь өнгөрсөн гурван өдөрт багтаад А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд хууль болгон бичээд яаралтайгаар УИХ-ын даргад өргөн барив. Өнөөдрөөс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах болон дагалдуулж өргөн барьсан Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг яаралтайгаар хэлэлцэж эхэлнэ.

Хуулийн агуулгыг нь харахад гурван байнгын хороог татан буулгаж, хоёр байнгын хороог нэгтгэнэ. Дээр нь нэмж Өргөдлийн байнгын хороог дахин байгуулах талаар төсөлдөө тусгажээ.

Тодруулбал, Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороо, Ёс зүй дэгийн байнгын хороо, Инновац цахим бодлогын байнгын хороодыг татан буулгаж Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд эрхлэх асуудлуудыг нь хариуцуулж өгнө.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гэж хоёр байнгын хороог нэгтгэх аж.

Нэг талаас нь харахад дарга нарын тоог УИХ дээр цөөлж цомхон болж байгаа нь зөв. Гэхдээ үүний ард ямар улс төр явж байна вэ гэдгийг заавал бодох нь зүйтэй.

Дарга нар холбогдох байнгын хороодоо нэг жилийн хугацаатай тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл, ирэх сарын эхээр 11 байнгын хорооны дарга нарын солих шаардлага үүсээд буй юм. Энд л жинхэнэ улс төрийн гүйдэл суудал эхэлнэ. Сая сайдын суудлаас мултарсан этгээдүүд байнгын хороод руу чичирнэ. 11 байсан байнгын хороодыг цөөлчихөөр Г.Занданшатар, Ерөнхийлөгч нарт ГОМДОГСДЫН тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Цөөхөн байнгын хорооны дарга сонгох учраас УИХ дахь эрх мэдэлтнүүд “од” болно.

Тиймээс товчхондоо, байнгын хороодын тоог гэнэтхэн ЗГ-ын байгуулагдсаны маргааш цөөлөхөөр явж буй үйлдэл бол дахиад л “80 оны” залуучуудаас нь ах нартаа барьж буй ээлжит “бэлэг” юм.

Засгийн газар болон “70 оны” фракцад гомдогсдын тоо үлэмж ихээр нэмэгдэх тусмаа “80 оны” фракцад ашигтай. Гомдогсод бүгд засагт хатуурхаж эхэлнэ. Ялгагдсан, жийгдсэн мэдрэмж нь траума болтлоо нэмэгдэнэ. Ингээд Г.Занданшатарын Засгийн газрын “бодь”-ийг хөтлөх их үйлсэд гар бие оролцож эхэлнэ.

ГУРАВ, Ирээдүйд Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр ЗӨРЧИЛДӨНӨ

Намар төсөв орж ирэхтэй зэрэгцүүлж Ардын нам дотор Их хурлаа угтсан томоохон улс төрийн өрөлт явагдах нь нэгэнт ойлгомжтой боллоо. Одоо нэгэнт байдал эвгүйтэх нигууртай учраас Г.Занданшатар тэргүүтэй “70 оны” фракц дүү нартайгаа тохиролцож “бялуугаа хуваах”. Эсвэл бүр “элгэнд нь хийж” унагахаас өөр гарц үгүй. Ямар ч байсан ирээдүйд Засгийн газар унах уу, УИХ-ын дарга унах уу гэдэг “зодоон” болох тал руугаа эргэлээ.

Үүнээс гарах ганц гарц бол толгойнууд нь хоорондоо тохиролцох явдал юм.

Г.Лхагвадорж

ЖУУЛЧИД: Аялалдаа хөлсөлж явсан машин бол зүгээр л аймшиг
ЖУУЛЧИД: Аялалдаа хөлсөлж явсан машин бол зүгээр л аймшиг
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.