
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас 226 тэрбум төгрөгийн өртөг бүхий хагас коксожсон шахмал түлш худалдан авах тендер зарласан билээ. Уг асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Ерөнхий сайд болоод хотын дарга Х.Нямбаатарт хаяглан бичиг хүргүүлээд буй юм.
Тэгвэл Засгийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын айлуудыг түлшээр хангах асуудлыг хэлэлцэхдээ Ерөнхий сайд БНХАУ-аас бэлэн боловсруулсан түлш авах асуудлыг онцлон хөндөж, 226 тэрбум төгрөгөөр тендер зарласан асуудлыг эргэж харах шаардлагатай гэж үзжээ.
Ингэхдээ Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд гаднаас бус дотоодоосоо хангах боломжийг судлах чиг үүргийг өгсөн байна.
Дашрамд сануулахад, Агаарын бохирдолтой тэмцэх зорилтын хүрээнд 2025 оны 06 сарын 05-нд батлагдсан Засгийн газарт чиглэл өгөх УИХ-ын 53 дугаар тогтоолын 11 дүгээр заалтад "Агаар бохирдуулж байгаа аливаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, иргэн, аж ахуйн нэгжид төрөөс татаас, урамшуулал олгохгүй байх, төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлш зэрэг агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй байх" тухай тусгасан байдаг. Хотын даргын хувьд УИХ-ын тогтоолыг зөрчиж худалдан авах тендер зарласан үйлдлийг таслан зогсоож, хууль зөрчдөг биш, хэрэгжүүлдэг байх сануулгыг өгч ажиллах ёстой хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжлэлтэй хандаж буй юм.