
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
------------
Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 13.1.1 дэх заалт энэ жил хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсвийн тухай хууль дээр тавигдсан аливаа төсөл хөтөлбөр нь тухайн жилийн тавдугаар сарын 31-ны дотор худалдан авалт бүрэн дуусаагүй буюу гэрээ хийгдээгүй бол тухайн төсөл нь хэмнэлтэд тооцогдохоор хатуу заалттай байгаа. Энэ заалт 2022 онд хууль батлагдсан даруйд хэрэгжиж эхэлсэн ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын бэлтгэл ажил муу байсан учир хоёр жил хойшлуулсан.
Улмаар 2025 оны тавдугаар сарын 31-ны өдрөөр 130 төслийн нийт 535.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс бид хэмнэлтийн тодотгол хийхээр зорьж ажиллаж байна.
Хэмнэлтийн тодотголд 535.9 тэрбум төгрөг хуулиараа хэмнэгдэж байгаа нь сайн ч хайран төсөв юм. 2024 онд ямар том босгыг давж 2025 оны төсөв батлагдсан билээ. Манай төсвийн ерөнхийлөн захирагч нарт энэ жил харьцангуй бага хэмжээтэй, цөөн тооны хөрөнгө оруулалтууд тавигдсан. Эндээс 535.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж чадалгүй хэмнэлт хийж байгаа нь маш харамсалтай. Ер нь нэг ч сайд үлдээгүй дээ. Сайд нарын багцаас,
- Эрүүл мэндийн сайд 69.9 тэрбум
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 36 тэрбум
- Боловсролын сайд 33 тэрбум төгрөг
- Зам тээврийн сайд 33 тэрбум
- Соёл спорт, аялал жуулчлалын сайд 19.7 тэрбум
- Бусад сайд нар 120.7 тэрбум буюу нийт 535.9 тэрбум төгрөгийн 1030 төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо.
Үүнийг дахин тодруулж хэлбэл, тодотгол биш. Өөрөөр хэлбэл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ны өдрөөр сайд нараас тайлан гаргахад худалдан авах ажиллагаа гаргахад тайлан нь ийм байдалтай байна.