Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаарх Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаарх мэдээлэлдээ, хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилт, олон улсын ангилал, бусдаар гүйцэтгүүлсэн төлбөр, хураамжид зарцуулсан төсөв, дүн шинжилгээний талаар хөндөн ярьсан юм. Тэрбээр, төсөв нь нэг талдаа төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ч нөгөө талдаа төр үйлчилгээгээ хүргэхийн тулд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шаардлагатай байдгийг онцолсон.
Түүнчлэн бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 2023 онд нийтдээ 1 их наяд 43.1 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2024 онд 1 их наяд 395.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна гэв. Энэ талаарх тодорхой мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг сонгуулийн жилийг дагнасан амлалтын шинжтэй зардлуудыг төсвийн жилийн дундуур нэмж төлөвлөн, тодотголоор нэмэгдүүлж баталсан нь Төсвийн тухай хуулийн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчмуудад нийцэхгүй байна хэмээн дүгнэсэн гэлээ.
Мөн тэрбээр, 2024 онд нийт зарлага, цэвэр зээлийн 73.6 хувийг урсгал зардал эзэлж байна. Улсын төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөөгүйгээс улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлд эзлэх урсгал зардлын хэмжээ тэлж, улсын хөгжлийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гүйцэтгэл хангалтгүй байна гэж үзсэнийг дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бараа, үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлыг үндсэн үйл ажиллагааны төлбөрөөс бусад төлбөр, арга хэмжээг багцлан төлөвлөж, эдийн засгийн ангиллаас гардаг зардлуудад зарцуулж, нийт дүнгээр тайлагнаж байгаа нь төсвийн зарцуулалтын ил тод, хариуцлагатай байдал, төсвийн сахилга батыг алдагдуулж байна гэж аудитын тайлангаараа гаргаж ирснийг Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор дүгнэлтдээ онцолж байлаа.