Жанцангийн Эрдэнэбилэг
/1959-2025/
Монгол улсын татварын байгууллагад өөрийн ухамсарт амьдралынхаа дөч орчим жилийг зориулсан, татварын албаны ахмад ажилтан Жанцангийн Эрдэнэбилэг нь 2025 оны 6 сарын 16-ны өдөр өвчний улмаас нас нөгчиж бидэнд хүнд гарз тохиолоо.
Жанцангийн Эрдэнэбилэг нь 1959 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн юм. 1967 онд Архангай аймгийн 1-р арван жилд элсэн суралцаж 1977 онд төгсөж, улмаар 1981 онд Монгол улсын их сургуулийг “САНХҮҮЧ” мэргэжлээр суралцан төгсжээ.
1982 онд тухайн үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд томилогдон Дархан хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байлаа. 2000 оноос Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст татварын байцаагчаар ажиллаж улмаар 2009 оноос Эрдэнэт хотын татварын хэлтсийн дарга, 2012 оноос Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч, 2016 оноос Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга, мөн хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаад 2019 онд гавьяаны амралтдаа гарсан юм.
Ж.Эрдэнэбилэг нь Улсад болоод төрийн албанд тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд түүний хөдөлмөр бүтээлийг хамт олон байгууллага нь өндрөөр үнэлж удаа дараа шилдэг ажилтан, шилдэг удирдагчаар, аймаг, дүүргийн Хүндэт тэмдэг болон аймаг, дүүрэг, яамд, Улс хувьсгалын ойн Хүндэт медалиуд, Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам, Сангийн яамны Хүндэт жуух бичгүүд, Сангийн яамны Хүндэт тэмдэг, Татварын жинхэнэ зөвлөх цол, Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2006 онд төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медаль, 2013 онд Алтангадас одонгоор тус тус шагнаж байлаа.
Жанцангийн Эрдэнэбилэгийн санхүү банк, татварын салбарт оруулсан хувь нэмэр хичээл зүтгэл, ухаалаг даруухан бүтээлч хүнлэг зан чанар нь нийт мэргэжил нэгт хамт олон татварын салбарынхны сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэнэ. Талийгаачийн төрөл төрөгсөд болон түүний гэр бүл үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ