
Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга асан Г.Занданшатар томилогдоод дөрөв хонож байгаа ч өнөөдрийг хүртэл кабинетаа бүрдүүлж чадахгүй байгаа нь парламентад суудалтай бусад намууд болоод олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Тухайлбал, өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын гурван агуулга бүхий шаардлагыг хүргүүлэхдээ нэн яаралтай ЗГ-ын бүрэлдэхүүнээ УИХ-аар оруулж батлуулахыг давхар сануулсан билээ.
Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр УИХ-д суудалтай ИЗНН-ын дарга Б.Батбаатарт хаяглан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж хамтран ажиллах саналыг зөвшилцөхөөр хүргүүлсэн бичиг ил болоод буй. Түүнчлэн ХҮН намын дарга Т.Доржханд болон Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр нарт мөн уг саналаа хүргүүлжээ.
Зөвшилцөх бичигтээ ""Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал үргэлжилж, худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдэл хангаж ажиллах нь энэ цаг үед туйлын чухал юм" хэмээн онцолсон байна.

