
Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах малын хулгай, тэр дундаа адууны хулгайн асуудлаар өнөөдөр /2025.06.16/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Адууны хулгай бол Монгол орны өнцөг булан бүрт өдөр бүр гарч байна. Нэг малчны 100 адууг гэрийнх нь баруун талын жалганд толгойг нь тасдаад аваад явчихдаг. Цусных нь ормоор малчин хойноос нь хөөж очиход өөдөөс нь бууддаг. Сарын дараа махны ченж амьд мал бөөндөж авна гээд сууж байдаг. Малчин айл хамаг малаа зараад хот нүүж байдаг. Энэ бол Монгол оронд болж байдаг үзэгдэл. Энэ олон хуудас цаасан дээр гарын үсгээ зурсан хүмүүс бүгд малын хулгайн хохирогчид. Хамгийн бага нь 50 адуугаа алдсан.
Монголд гардаг малын хулгайн 54 хувь нь адууны хулгай байдаг. Илрүүлэлт нь 29 хувь, хохирол барагдуулалт нь 5 хувьтай. Малчин, цагдаа хоёрын дунд үл ойлголцол болдог. 2017 онд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр гаргасан хуульд нь сэжигтнийг хүний эрх гээд гадуур байцаадаг. Гэтэл малчин хулгайчийг нь барьж өгөөд байхад цагдаа өөрөө тавиад явуулчихлаа гэдэг. Ингэж явсаар малын хулгай эдийн засаг нийгэмд нөлөөлдөг болсон.
Жилд хот руу багадаа 30 мянга 59 мянган хүн нүүдэг. Яагаад нүүж байгаа тухай Швейцарийн агентлагаас хийсэн судалгааны асуулгаар тэдний 37 хувь нь малын хулгайн гэмт хэргийн хохирогч болсон гэж хариулсан байдаг. Тиймээс энэ бол Монгол төрийн анхаарах ёстой асуудал мөн” хэмээв.