
Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна.
Түүхийг сөхвөл, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар иржээ.
Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдөр юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг юм.
2013 оны Дэлхийн ногоон өдөр “Бодъё, хэрэглэе, хэмнэе /Хоол, хүнсний хаягдлыг багасгая/” хэмээх уриатай байсан. Энэ жил манай улс дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд БОНХЯ-ны зүгээс маргааш дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
- Чингисийн талбайд 12:00-14:30 цагийн хооронд их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриатай Flash mob,
- Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт 09:00-14:00 цагийн хооронд “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал,
- “Тэнгис” кино театрын бага танхимд 18:00 цагт Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт,
- Занабазарын дүрслэх урлагийн музейд “Биологийн олон янз байдал Мongolica-2013” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болно.