Улсын хэмжээнд "COVID-19"-ээс урьдчилан сэргийлж нийт 2186 хүнийг тусгаарласан тухай ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдэгдлээ.
Тэрбээр, манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар нийслэл дэх тусгаарлах "Ти жи эйс", "Сүнжин гранд", "Сэлбэ", "Мичид" гэсэн 4 тусгаарлах байрнаас 55, орон нутагт Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийн оролцуулаад нийлбэр дүнгээр 120 иргэн гэрийн ажиглалтад шилжээд байна. Улсын хэмжээнд 175 иргэнийг өчигдөр гэрийн ажиглалтад гаргах ажлын зохион байгуулсан хэмээв.
"Сүнжин гранд"-аас өчигдөр гарсан 22 хүн хүүхдүүд байсныг Шуурхай штабаас нэгдсэн зохион байгуулалтаар унаа гарган хүргэж өгчээ. Өнөөдөр "Корпорайт", "Новотел", "Кемпинский" зочид буудлаас тусгаарлагдаад байсан иргэдийг мөн гэрийн ажиглалтад шилжүүлсэн аж. ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, албан ёсны албан бичигт үндэслэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, гэртээ шилжиж буй иргэдийг 14 хоногийн ажиглалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахих үүрэг чиглэл өгөн гарын үсгийг нь авч баталгаажуулж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад нийслэлд 1273, аймаг, орон нутагт 7210, нийлбэр дүнгээр 8484 хүн байна.
Тусгаарлалт: Улсын хэмжээнд нийт 68 тусгаарлан ажиглах байр байгаагаас Улаанбаатар хотод 20, аймаг, орон нутагт 48 байр ажилллаж байна. Эдгээр байраас нийслэлд 1297, орон нутагт 889, нийлбэр дүнгээр 2186 хүн байна. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-өөс тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хавьталтай гэдгийг нь тогтоосон иргэдийн дүн мэдээ юм. Агаарын татан авалтаар авсан иргэдийн хувьд 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусч байгаа гэв.
Халдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд 52.876 метр ам дөрвөлжин талбайг халдваргүйжүүлээд байна. Энэ нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлт болон халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн халдваргүйжүүлэлт юм. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байна.