Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд багачууд интерактив хичээлийн “ЦАХИМ АЯЛАЛ”-д гарахад бэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 25 секунд

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентийн эхний 26 контент хүрэхэд бэлэн боллоо.

Хамтран ажиллагч байгууллагууд:

  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • НҮБ-ын Хүүхдийн Сан
  • НҮБ-ын Хүн Амын Сан
  • НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)
  • "Монгол Контент" ХХК

ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ БА ШААРДЛАГА

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд интерактив хичээл чухал нөлөөтэй.

Теле-хичээлийн явцад багшийн яриа болон зорилгоо танилцуулж буй байдал хамгийн өндөр, харин сурагчийн оролцоо, сурагч бие даан хийх боломж хамгийн бага үнэлгээтэй байна.  Мөн теле-хичээлийг сурагчдын сонирхол татсан агуулгаар баяжуулах, сурагчдын суралцахуйг дэмжсэн дасгал, даалгавар оруулах, цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой, үр дүнтэй ашиглах чиглэлээр сайжруулах шаардлагатай байгааг дурджээ. (НҮБ Хүүхдийн Сан "Онцгой байдлын үеийн теле-хичээл, түүний тохиромжтой байдал судалгааны тайлан" 2020). 

Иймээс цар тахлын үед бид дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж цахим сургалтын контент буюу хичээлийг хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг нь дэмжсэн интерактив хэлбэрээр хүргэх нэн шаардлагатай байна.

Интерактив цахим контент нь олон хүний дэмжлэг, оролцоотойгоор бүтэж байгаа бөгөөд БМДИ нь нэгж контент, жишиг хичээлийн агуулга, зорилго, зорилт, бататгах асуултууд, үнэлгээний хэсгийг боловсруулах зэргээр сургалтын агуулга талаасаа арга зүйн мэдээллээр ханган ажиллаж байна. БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК-ийн уран бүтээлчид НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн сонирхолтой, интерактив хэлбэрт буулган цахим контентуудыг бэлтгэж байна. 

“Интерактив хичээлийн төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Монгол Контент” ХХК нь 15 жилийн туршлагатай компани бөгөөд тус компани нь комикс, видео контент бүтээх баг, маркетинг креатив баг, зураачид, сэтгүүлчид, апп, веб хөгжүүлэгч инженерүүд гээд уг ажлыг гүйцэтгэх цогц багийг бүрдүүлсэн хамт олон билээ.

Интерактив хичээл бүрт мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн оролцоо, санал сэтгэгдлийг шингээснээс гадна ур чадвартай зураач, дизайнер, хөгжүүлэгчдийн ур ухаанаар бүтсэн, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент юм.

Нэг үгээр энэ нь хүүхэд багачуудын хувьд цахим орчноор дамжуулж, өнгө будаг хосолсон хөдөлгөөнт зураглал, сонирхолтой дүрийн хамтаар мэдлэг боловсрол, танин мэдэхүйн олон шинэ зүйлийг сурах “Цахим аялал” юм.

Интерактив  хичээлүүд: Сургуулийн өмнөх боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Монгол хэл, Математик, Хүн ба байгаль, Хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир, Хүн ба Орчин, Англи хэл, Хүн ба Нийгэм, Монгол бичиг, Мэдээлийн технологи, Газар зүй, Физик, Хими, Биологи, Нийгэм, Түүх, Дизайн технологи, Иргэний ёс зүй, Орос хэл, Уран зохиол, Эрүүл мэнд

Интерактив хичээлийн хэлний сонголт: монгол, казах, тува, дохионы хэл

Мэргэжилтнүүд, контент бүтээгчид хамтран интерактив хичээлүүдийн дараа дараагийн жишиг контентуудыг теле хичээлийн агуулга, төлөвлөгөөтэй уялдуулан шат дараатайгаар хүргэнэ. Эхний ээлжид энэхүү 26 жишиг контент монгол хэлтэйгээр хүрч байгаа ба бусад хэл дээрх жишиг контентууд тун удахгүй бэлэн болно. 

Интерактив хичээлийн онцлог: 

  • Хичээл  бүр хүүхдийн сонирхлыг татахуйц өнгө будаг хосолсон зураглалтай, зарим нь богино хэмжээний сонирхолтой үлгэр, өгүүллэгийг агуулсан.
  • Хүүхдийн суралцах үйлийг сонирхолтой дүрүүд хөтлөн чиглүүлнэ. Энэ нь хичээлийг илүү сонирхолтой болгоно.
  • Хүүхдийн оролцоог бүрэн дэмжсэн буюу асуулт хариултын явцад дүрүүд хүүхдэд баяр хүргэх, туслах зэргээр  хамтарч ажилладаг. 
  • Хичээлийн агуулгаар дамжуулж монгол ёс заншил, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ. 

Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлэх боломжтой. 

Бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрчээ
Бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрчээ
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.