Өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Оюутолгойтой холбоотой асуудлыг шалгах явцад Рио Тинтогийн Б.Болдын данснаас монголын зургаан улстөрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ яагаад авлигын хэрэг болсонгүй вэ. Хэрэв энэ авлигыг тогтоож чадсан бол бид Оюутолгойн гэрээг өөрчилж чадах байсан" гэж ярьсан. Эл мэдээлэлтэй холбогдуулан Рио Тинтогийн Арилжаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Б.Болд "Худал мэдээлэл түгээсэнд харамсаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүн 4-р сарын 10-ны өдөр миний талаар “Оюу толгойтой холбоотой асуудлыг шалгах явцад Рио Тинтогийн Болдын данснаас Монголын 6 улс төрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ нь авлигын мөнгө байж магадгүй” гэх агуулгатай үндэслэлгүй худал мэдээлэл түгээсэнд харамсаж байна.
Би бизнесийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа нэрээ хичээж яваарай гэх эцэг эхийн захиасыг үргэлж санаж, зөв мөр үлдээхийн төлөө зүтгэж ирлээ. Энэ нь хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим төдийгүй гэр бүл, мөр зэрэгцэн ажиллаж буй хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага минь юм.
Рио Тинтогийн Зэсийн группийн захирлаар томилогдсоноор Австрали, Америк дахь төслүүдээс гадна Монгол Улстайгаа холбоотой ажил хийх аз тохиосон. Оюу толгойн хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, 2022 онд Засгийн газартай амжилттай хэлэлцээрт хүрч, гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээр Монголын сайхан орноо дэлхийн зэсийн салбарын том тоглогчдын нэг болгох замд нь гаргаснаа би их хувь тавилан гэж боддог.
Оюу Толгой бол олон улсын шилдэг туршлагыг нутагшуулан эх орондоо босгосон Монгол уурхай. Бидний 21-р зууны бахархал болсон бүтээн байгуулалт. Энэ төслийг боломжтой болгоход хувь нэмэр оруулж, хүчин зүтгэж байгаа 20,000 гаруй уурхайчдын итгэл, урмыг хуурамч мэдээллээр хугалахгүй байхыг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!