Муммар Каддафи гэж цэргийн хурандаа саяхныг хүртэл Ливийн төрийн тэргүүн байсан. Цэргийн шинель, цол хэргэм бүхий гоёмсог өмсгөлөөр гангардаг нэг төрлийн модыг дэлгэрүүлж цэргийн гаралтай дарангуйлагчид дундаа л Коко шанель болж гунхалзаж явсан. Эль садат, Хосни Мубарак, Саддам хусейн, Генерал Сиси гээд ижил төрлийнхөн, эргэн тойрны араб, персийн цэргийн хэнээтнүүд дуурайна гэж жигтэйхэн. Яг түүн шиг үзэгдэл Монголд дэлгэрээд байгаа нь цэрэг шинель, цолыг гангараа болгох явдал болоод байна.
Цэргийн хувцас гэдэг өөрөө нарийн соёл дэгтэй. Офицер цолтой ч армид алба хаагаагүй бол “шинельтэй ард” гэж луйгарууд хочилдог тухай бишгүй л сонсогддог. Арми шинель, мөрдэсээ тэгж л хүндэлдэг, харамладаг байсан цаг. Гэтэл өнөөдөр офицер битгий хэл олигтойхон афтерк мушгиж ч чадахгүй булбарай цагаан улс төрчид цэргийн хувцас, мөрдэсээр гангардаг хачин мода дэлгэрчээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх армид олон жилийн амьдралаа холбосон ахлах офицер хүн гэдгийг бүгд мэднэ. Түүнийг цэрэг хувцастай гараад ирэхийг нь ойлгож болно. Гэтэл дагаж салбаганасан дарга нарын модыг нь ойлгох аргагүй. Олон түмэн ч цэргийн мөрдэс, хувцас хэрэгслийг чихэрийн цаас шиг элбэг хямдхан байхад дургүйцэж санал сэтгэгдлээ хэлсээр байна.
Монгол дахь каддафигийн фенүүдэд гэж хэлэхэд даруухан байж, өмссөн зүүснээ анхаарвал яадаг юм бол оо.
Соёлтой, армиа хүндэлдэг улсад улс төрчид нь онцгой нөхцөлд энгийн ажил хувцас өмсдөг юм байна.
Гэтэл манай дарга нар хурандаа мөрдэс зүүчихсэн ч гүйж явах шиг. Зарим нь бүр юуных гэдэг нь мэдэгдэхгүй форм хийлгээд өмсчихсөн ч байх шиг.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа өргөсөн цэрэг эрс, баатарууд, энх цагийг бидэнд авчирсан ардын армийнхаа сүр хүч яруу алдарыг хүндэтгээд өөрийн өчүүхэн байлдаж тоглох аазгайгаа дарж сурмаар юм даа дарга нар минь.
О.Дэлгэр