Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ.
Түүний үгнээс онцлохыг нь хүргэж байна.
Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд
Монгол түмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол төв цэг бол Монголын Эзэнт гүрний түүх, Их Эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан байна.
Хүний хөгжил зорилтын хүрээнд тайлант хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.
Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.
Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд
Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо.
Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ.
Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна.
Эдийн засаг зорилтын хүрээнд
Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.
“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо.
Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.
Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна.
Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн.
Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.
Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!