УИХ-ын гишүүн О.Батнайрамдал боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл хийж байна.
-----------------
-УИХ дахь Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэг гарсан. Өчигдөр ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг байнгын хороон дээр хэлэлцэж Засгийн газарт Боловсролын зээлийн сангийн талаар чиглэл өгөхөөр Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Боловсролын зээлийн сан Монгол Улсын тусгай сангуудаас хамгийн үнэ цэнтэй нь. Тиймээс гадаад, дотоодын нийт давхардсан тоогоор 1.2 сая оюутан, сурагчдад хүрсэн байдаг. Гэвч хамгийн үнэ цэнтэй сан мөртлөө хамгийн ил тод бус, шударга бус явж ирсэн сангуудын нэг мөн. Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой 2025 оны сонгон шалгаруулалт шинэ журмаар явах ёстой. Өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс авхуулаад бүх зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж бүгд нийт 28 удаа шинэчлэгдсэн. Хүнээр тооцвол, хоёр өөр нүдтэй, хоёр өөр гартай болсон танигдахааргүй журмаар хүн уншаад ойлгохооргүй, оюутан уншихад хүнд журмаар зохицуулагдаж байгаа. Хоёрт, зээлийн эргэн төлөлт одоо хүртэл асуудал дагуулсаар байна. Өнөөдөр Боловсролын зээлийн санг гадаад болон дотоод гэж олгодог. Боловсролын зээлийн санг авч үзвэл 1.2 сая хүүхдэд хүрсэн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байна. Гэтэл гадаад зээл 360 тэрбум төгрөг 30 жилийн хугацаанд олгогдохдоо эргэн төлөлт нь дөнгөж 4 хувь хүрэхгүй л байна. Энэ нь өөрөө хүний эрхийн зөрчил. Оюутан сурагчдыг ялгаварласан зүйл болж байна. Яагаад дотоодод боловсролын зээлийг эргэн төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордог мөртлөө гадаад зээл эргэн төлөлт нь 4-хөн хувь байж Монголбанкны зээлийн мэдээллийн санд орохгүй явсаар байна. Үүнийг бид цогцоор нь шийдэх ёстой.
2025 оны сонгон шалгаруулалт шинэ журмаар ил тод нээлттэй явах ёстой гэсэн зарчмыг Байнгын хорооны тогтоол дээр тусгасан. Боловсролын зээлийн сангийн төсөвт 158.4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. 2025 онд түүхэндээ хамгийн өндөр дүнг төсөвлөгдсөн жил болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!