Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ.
-------------------
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнгөрсөн хугацаанд Зөвшөөрлийн хуулийн дагуу 371 зөвшөөрөл байсан. Зөвшөөрлийн хуулийг давсан ЗГ-ын тогтоол, шийдвэр сайдуудын тушаал, захиргааны хэм хэмжээний актуудыг цуцалсан. Өнөөдрийн байдлаар 50 захиргааны хэм, хэмжээний актыг бүрэн цуцалсан. Ингэснээр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй авах, давхардсан чиг үүргүүдийг цуцалсан. 170 зөвшөөрөл бүрэн цахимжсан. Зөвшөөрөл авах гээд очихоор иргэний үнэмлэх нэхэж, нотариатаар батлуулахыг шаарддаг, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхдэг гэх гомдол 11-11 төв дээр ирдэг. Өнгөрсөн долоо хоногт 72 гомдол, санал ирсэн. Үүний 80 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой байсан.
Гэтэл бид "Хур" систем дээр төрийн мэдээлэл солилцоог бүрэн хангуулж чадаж байгаа. Гэтэл бодит байдал дээрээ цаасаар бичиг баримт нэхдэг байдал үргэлжилсээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 170 зөвшөөрлийг бүрэн цахимжуулсан. Тиймээс иргэдээс баримт бичиг нэхсэн яам,тамгын газар, агентлаг бусад холбогдох газруудад хариуцлагыг тооцно. Үүний цаана авлигатай тэмцэх бодлого, нээлттэй ил тод байдал явна.
Зөвшөөрөл авах үед нь олон бичиг баримт шаардаад хүнд суртал үүсгээд, нэхсэн бичиг баримтыг нь бүрдүүлээд өгөхөөр нөгөө албан тушаалтан нь мартчихдаг. Дахиж сунгах үед нь л санадаг.
Энэ нь Монгол Улсад стандарт мөрдөхгүй байгаатай холбоотой. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Стандарчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Манай улсад өнөөдрийн байдлаар 6733 стандарт байгаа ч үүнийг иргэд, ААН-үүд мөрддөггүй.
2022 оны байдлаар барилга, хүнсний салбарт 2200 гаруй стандарт мөрдөгдөж байсан. Үүн дээр үзлэг хийхэд 782 стандарт л олон улсад нийцэж байсан бөгөөд үлдсэн нь хоцрогдсон бөгөөд хувийн хэвшлүүдэд хүнд суртал үүсгэж байгаа нь тогтоогдсон. Иймд 2000 стандартаас 180 стандартыг цуцалсан юм. Цаашдаа олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудаа хэрэгжүүлж чадвал хувийн хэвшилдээ ээлтэйгээс гадна хүнд сурталгүй болно. Зөвшөөрөл, дүрэм журмын шинэчлэл нь үндсэндээ иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх бололмжийг бий болгоно. Хаврын чуулганаар Зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг өргөн барина. Энэ хууль батлагдсанаар төрийн үйлчилгээ иргэдэд шууд хүрэх боломжийг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!