СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хаврын синдром удаан үргэлжилбэл амиа хорлох сэдлийг төрүүлдэг учраас СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХАЛАМЖЛАХ ХЭРЭГТЭЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 42 секунд

Хаа сайгүй уурлаж, бухимдсан, стресстэж эморсон хүмүүс. Энэ бол улирал солигдох үед бие махбодод гардаг өөрчлөлт буюу та бидний хэлж заншснаас хаврын синдром. Энэ өөрчлөлт хүн бүрт харилцан адилгүй мэдрэгддэг бөгөөд даамжрахаараа амиа хорлох сэдлийг ч төрүүлдэг байна. Тиймээс бид энэ үед юун дээр анхаарах, яаж даван туулах талаар сэтгэл судлаач Б.Байгальтай ярилцлаа.

-Хаврын синдром гэж яг юуг хэлээд байна вэ?

-Хаврын синдром гэдэг нь бидний бие махбод, сэтгэл зүй хаврын улиралтай дасан зохицох гэж байгаа процессыг хэлээд байгаа юм. Хавар, намрын улиралд хүний сэтгэл гэгэлзэж, сэтгэл санаа тогтворгүй байх үе байдаг. Ер нь улирал бүрээс шалтгаалж сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Хавар гарч буй сэтгэл санааны өөрчлөлтийг “Хаврын синдром” гэж нэрлэж ярьдаг. Гэхдээ шинжлэх ухаанд хавар болж байгаагаас шалтгаалан сэтгэцийн эмгэг түлхүү өртөж байна гэсэн баталгаа байдаггүй. Хүмүүс ойлгохдоо сэтгэцийн эмгэг хаврын улиралд илрээд бусад үед байхгүй мэтээр ойлгодог. Гэтэл бүх л улиралд сэтгэцийн эмгэг илэрдэг.

-Яг ямар шинж тэмдгээр хүмүүст илэрч байна вэ?

-Хаврын солигдолт бид нарын бие махбод, танин мэдэхүй, сэтгэл зүй гээд энэ 3 зүйлд нөлөөлж байдаг. Бие махбодод яаж нөлөөлдөг вэ гэхээр хамгийн эхлээд маш их ядарч нойр хүрдэг. Энэ нь нойрны хэмнэл өөрчлөгдөж байгаатай холбоотой. Мөн гормоны өөрчлөлттэйгөө холбоотойгоор сэтгэл зүй маш тогтворгүй, савлагаатай болоод эхэлдэг. Танин мэдэхүйн хувьд ямар өөрчлөлт ордог вэ гэхээр мартамхай болгочихдог. Өдөр тутмын амьдралдаа анхаарсаар байгаад би түлхүүрээ хаана тавьчихлаа, индүүгээ унтраасан билүү яасан билээ гээд мартамхай болчихдог гэсэн үг. Энэ процесс удаан үргэлжлэхээрээ архаг стресст өртөөд эхэлдэг. Архаг стрессийн үед бид нар мэдрэмтгий болчихдог. Амархан уурлаж, бүх зүйл болохгүй, бүтэхгүй байгаа юм шиг санагдаж эхэлдэг. Ингэснээр сэтгэл гутралын түвшин нэмэгдэж, амиа хорлох эрсдэл ч нэмэгддэг. Тиймээс улирал солигдох энэ үед хүн бүр сэтгэлзүйгээ халамжлах нь хамгийн чухал.

-Яг ийм шинж тэмдэгтэй хүмүүс танай төвд хэр их хандаж байна вэ?

-Сая цагаан сарын дараагаас огцом нэмэгдсэн. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд ихээр ирж байгаа. Манай хүүхэд огцом ууртай болоод байна. Сэтгэл зүй нь тогтворгүй болчихлоо яах вэ гээд ирдэг. Томчууд яг адилхан стресстэж, бухимдаж, сэтгэл санаа нь тогтворгүй өөрчлөлтөд орж байгаа хэрнээ өөрсдийгөө тоодоггүй. Миний хүүхэдтэй ажиллаад өгөөч гээд л дагуулаад ирдэг. Энэ маш буруу өөртөө эхлээд анхаарах хэрэгтэй. Өөрөө стресс бухимдал, ядаргаагүй тайван байвал түүнийгээ дагаад хүүхдийн сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг.

-Та сэтгэл зүйгээ халамжлах талаар ярьсан. Яг яаж халамжлах талаар зөвлөгөө өгөөч?

-Сэтгэл зүйгээ халамжилна аа гээд ярихаар аягүй хөсөр том зүйл хэрэгтэй юм шиг санагддаг хэрнээ яг үнэндээ бүх зүйлийн тэнцвэртэй байдлыг л хадгалахыг хэлдэг. Жишээлбэл, Аз жаргалын даавар болох серотонины ялгарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ даавар нь хөдөлгөөн хийх үед ялгарч, хүнийг идэвхтэй, аз жаргалтай болгодог. Өдөрт 8 цагийг ажилдаа зарцуулж байгаа бол тэрнээс ядаж аравхан минутыг нь өөртөө зарцуулаад дуртай дууг сонсох, амьсгалын дасгал хийх, нойр, хоолондоо анхаарах гэх мэтчилэн бүх зүйлийнхээ тэнцвэртэй байдлыг хангах хэрэгтэй. Өдөр тутам 30 минут гадаад орчинд алхаж, амралтын өдөр ууланд гарч цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Мөн түрүүн хэлсэнчлэн эрүүл зөв хооллож, чанартай нойр авах нь маш чухал.

-Хэрэв халамжлахгүй бол ямар сөрөг нөлөө гарч болох вэ?

-Өмнө хэлсэнчлэн архаг ядаргаанд орж, нойргүйдэлд хүргэнэ. Тоохгүй яваад байвал сэтгэл гутралд хүргэж амиа хорлох сэдлийг ч төрүүлдэг. Хамгийн түгээмэл нь ажлаас халшрах хам шинжтэй болчихдог. Тиймээс сэтгэл зүйгээ халамжилж, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчэд хандах хэрэгтэй.

-Хүмүүс дусал хийлгэж, витамин ууснаар ядаргаа тайлагдчлаа гэж ойлдог. Энэ тохиолдолд ядаргаа бүрэн тайлагдана гэж байдаг уу?

-Энэ нь өрөөсгөл ойлголт. Дусал, тариа витамин нь хүний биед хэрэгтэй байгаа эрдэс минералуудыг нөхөж өгдөг болохоос, ядаргааг бүрэн тайлна гэсэн үг биш. Эрдэс минералуудын хажуугаар ядаргаа тайлах хамгийн зөв арга бол маш сайн нойр авч, тайван амрах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхтэй л холбоотой юм. Дусал хийлгэхээр бие хэсэгтээ л амардаг гэсэн итгэл үнэмшлийг дагаад бие хөнгөрөөд сайжирч байгаа санагдана. Гэхдээ мэдрэлийн ядаргааг эмчлэх гол арга нь идэвхтэй амрах л хамгийн чухал.

-Хүн өдөрт хэдэн цаг унтаж байж бүтэн нойроо авах вэ?

-Судалгаагаар бол хүн өдөрт найман цаг унтаж байж бүтэн нойроо авдаг гэж үздэг. Хүний биологийн цаг гэж бий. Орондоо орох цагийн хувьд оройны 22.00 цагт унтаж амрах нь хамгийн зүйтэй гэж судалгаагаар тогтоосон байдаг. Мөн харанхуй орчинд хүний тархи хамгийн сайн тайвширч амардаг. Олон улсын жишгээр нүдний хамгаалалт зүүж унтах нь маш зөв арга байдаг.

-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

БАЙНГЫН ХОРОО: Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!