Ухаалаг утас, цахим орчин бидний өдөр тутмын хэрэглээтэй адил хотын амьдралыг кофегүй төсөөлөхгүй болжээ. Гудамжинд зөрж өнгөрөх хүн бүр гартаа ямар нэгэн байдлаар кофе бариад алхаж явахтай таарах нь их. Ажил, уулзалт, чөлөөт цаг бүх зүйл ч бас кофе шопт өрнөнө. Хотын төвд тав алхаад л таарах кофе шопууд бүгд л цөөнгүй хүнтэй. Зарим тохиолдол 20-30 минут хүлээх нь ч бий. Албан болон амин хувийн ажлаар эсвэл чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар нь кофе шоп ч гэлээ сүүлийн үед сургуулийн номын сан шиг ердийн л мэт дүр зураг болсон нь аль ч газарт ижилхэн.
Зарим кофе шоп олон цаг тухалж суух зориулалтгүйгээр тохижуулсан байдаг ч энэ нь цөөн. Нэг үеэ бодвол кофе монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон ч аяга кофетой хоёр цагаас илүү өдрийг өнгөрүүлэх нь бүдүүлэг үйлдэл болохыг бариста нарын төлөөлөл хэлж байлаа. Бас зарим нь бизнес уулзалтын өрөөнд мөнгөө төлөөд үйлчлүүлэх боломжтой гэж байв.
АЯГА КОФЕТОЙ 2-3 ЦАГ БОЛОХ ТОХИОЛДОЛ БАЙНА, ЕР НЬ НОМЫН САН ШИГ БОЛСОН
"Grey Coffee shop" кофе шопын бариста Ж.Маралмаа: Хүмүүст кофе аягалж өгөөд л зүгээр сууж байгаа мэт л харагддаг. Гэхдээ их ажиллагаатай. Кофе хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон ч зарим үйлчлүүлэгч аяга кофетой хоёр цаг болдог. Зарим нь гурав, дөрвөн цаг суух тохиолдол ч байна. Энэ хооронд шинээр захиалга хийх нь ховор. Шинээр үйлчлүүлэгч орж ирэхэд бид яах ч аргагүй. Хүмүүс ном уншиж аль эсвэл ажлаа хийж байгаа харагддаг. Номын сан шиг болсон гэж ойлгож болно. Жишээ нь, Японд кофе шопууд нь ширээн дээрээ цаг тавьсан байдаг. Цаг нь дуусахаар дахиж захиалга хийгээд суух боломжтой байдаг юм билээ.
ЗАРИМ ХҮН КОФЕ ШОП ХААХ ХҮРТЭЛ ӨДӨРЖИН ХИЧЭЭЛ НОМОО ХИЙЖ, ЮМ ОЁЖ СУУДАГ МӨРТЛӨӨ ШИНЭЭР ЗАХИАЛГА ХИЙХГҮЙ, ОРЛОГО ХААДАГ
"Caffe bene" кофе шопын бариста Н.Туяа: Кофе шопт олон цаг сууж байгаа хүмүүс дахиж шинэ захиалга хийдэггүй. Үйлчлүүлэгч ихтэй байдаг ч дараагийн үйлчлүүлэх гэж байгаа хүмүүс нь ширээ байхгүйг хараад л гараад явдаг. Ерөнхийдөө орлого хаадаг. Гэвч үйлчлүүлж байгаа учраас шаардлага тавьж чадахгүй. Зарим хүн үдээс хойш кофе шопт ирээд орой хаахад явдаг бол зарим нь өглөө нээхээс хаах хүртэл суудаг. Энэ хооронд хичээлээ хийх эсвэл юм нэхээд суудаг ч шинээр захиалга хийхгүй, орлого хаадаг. Сүүлийн үед бага ангийн сурагчид олуулаа орж ирээд юу ч худалдан авахгүй мөртлөө заалны талыг дүүргэдэг. Бие даалтаа хийж байна гээд 00 өрөө бохирдуулдаг, ангидаа байгаа юм шиг шуугилддаг. Тэгэхээр эцэг эхийн хүмүүжилтэй холбоотой юм болов уу гэж боддог. Эцэг эх нь үйлчилгээний соёлын талаар хэлж өгөхгүй байна шүү дээ. Ер нь олуулаа сууж байгаа хүүхэд, залуус чанга, чанга ярьж инээж шуугилдаад бусад хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг нь маш бүдүүлэг. Хүмүүс ч бас гомдол шүүмжлэл хэлдэг гэлээ.
ЗАРИМ ХҮН НЭГ ӨДӨРТ АЖЛЫН УУЛЗАЛТ БҮРТЭЭ КОФЕ ХУДАЛДАН АВДАГ, ОЛОН ЦАГААР СУУХ БОЛ БИЗНЕС ӨРӨӨНД МӨНГӨӨ ТӨЛНӨ
"Tomn toms" кофе шопын бариста О.Анхбаяр: Манай кофе шопоор үйлчлүүлэх хүмүүс л орж ирнэ. Манай салбар өөрөө таван яамдын дунд байдаг болохоор эндэхийн ажилчид л орж ирдэг. Өглөөний 08:00-09:00 цагийн үед оргил ачаалалтай. Ер нь хүмүүс ажлын уулзалт хийх гэж их үйлчлүүлдэг. Зарим хүн нэг өдөрт ажлын уулзалт бүртээ л кофе авдаг. Харин нэг цагаас дээш суух тохиолдолд бизнес уулзалтын өрөө рүү мөнгөө төлөөд үйлчлүүлж болно. Ер нь зай талбай жижиг кофе шопт үйлчлүүлэгчид хэдэн цагаар захиалга хийхгүй суувал хэцүү шүү дээ. Яах вэ, том талбайтай бол 1-2 цаг суухад зүгээр шүү дээ гэж байлаа.
Тав, зургуулаа нийлээд хичээл номоо дэлгэсэн арван жилийн хүүхдүүдээс авхуулаад мөн л хажуудаа кофе нь дууссан ч нөүтбүүкээ дэлгэсэн залуусаар кофе шоп дүүрэн. Гэвч аяга кофе аваад хөгжим сонсоод тухлах суудал, хүнтэй ярилцах булан тохой ч олдохгүй нь асуудал болов. Харин номын сан хоосон...
"ЗАВГҮЙ БАЙНА, ТАВ, АРВАН МИНУТ Л НОМ УНШААД ЯВЪЯ" ГЭДЭГ
Үндэсний номын сангийн номын санч Д.Оюунтуяа: Уранзохиол хэл шинжлэлийн танхимд хүүхэд залуус ирдэг ч төвлөрч сууж чадахгүй байна. Цаг давчуу байдаг юм уу л гэж хардаг. Уншлагын танхимд ирээд "энэ номыг л уншмаар байна" гэдэг мөртлөө "Завгүй байна, тав, аравхан минут ном уншаад л явъя" гэж байгаа юм. Тэгэхээр номын санд ирэх хүмүүсийн сонирхол нь их болов ч цаг нь давчуу байдаг юм болов уу гэж харж байна гэлээ.
УТГА ЗОХИОЛЫН УНШЛАГЫН ТАНХИМ ХООСОН БОЛ ЦАХИМ БОЛОН ЧӨЛӨӨТ ТАНХИМ ЗАЛУУСААР ДҮҮРЭН
Үүдээ нээгээд бүтэн жилийн нүүрийг үзэж буй Үндэсний номын сангаар орлоо. Энд хүүхэд залуус ч цөөнгүй. Ялангуяа цахим номын сангийн танхим, сайн дурын уншлагын танхим нь хамгийн их хүнтэй. Илүү чөлөөтэй орчин аж. Харин утга зохиолын уншлагын танхим хоосон шахам байлаа. Хоёр, гуравхан хүн сууна. Энд сүүлийн үеийн хэвлэлд гарсан дэлхийн сонгодог зохиолуулаас авхуулаад Монголын уран зохиолын номын дээжис ч байв.
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР НОМЫН САН ЭЗГҮЙРЧЭЭ
Хотын төвд байрлах Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаар өчигдөр үдээс өмнө орвол хоосон шахам ганц, хоёр л хүн сууж байлаа. Номын санд юу л байна, хоосон ширээ, сандал, сэлүүхэн танхим. Залуус номын санд суудаг юм уу гэхээр дүр зураг угтсан юм.
МУИС-ИЙН НОМЫН САНГИЙН УНШЛАГЫН ТАНХИМ СЭЛҮҮХЭН БОЛ ЧӨЛӨӨТ ТАНХИМ ЗАЛУУСЫН ХӨЛД ДАРАГДЖЭЭ
Дараа нь, МУИС-ийн номын сан орлоо. Нийт 700 суудалтай тус номын сангийн бүх танхим нь дүүрэн биш. Гэхдээ давхар бүрт адилгүй. Интернеттэй чөлөөт танхим залуусын хөлд дарагджээ. Ном уншихаас илүү хоорондоо ярьж, зарим нь нөүтбүүк, утсаараа хичээлээ хийж байгаа болотой. Бас нэг хэсэг нь хэвтэж харагдана. Харин уншлагын танхим цөөн хүнтэй, хоосон шахам сэлүүхэн байлаа. Хаврын шалгалт дөхсөн үед оюутан залуус мэргэжлийн хүрээнд судалж буй хичээл, бие даалтаа хийдэг тул номын сан ачаалалтай байдаг гэнэ.
ЗАЛУУС УНШЛАГЫН ТАНХИМААС ИЛҮҮ ЧӨЛӨӨТ ОРЧИНД СУУХ ДУРТАЙ БАЙГАА НЬ ХАРАА ХЯНАЛТ ДОР БАЙХЫГ ХҮСДЭГГҮЙ БАЙХ
МУИС-ийн Номын сангийн ахлах мэргэжилтэн О.Нарантуяа: Хувь хүнийхээ хувьд харахад, манай номын санд кофе нь л байхгүй болохоос интернеттэй кофе шоп шиг орчин бий. Энд залуус их үйлчлүүлдэг. Гэтэл уншлагын танхим илүү хүн багатай, сэлүүхэн байна шүү дээ. Тэгэхээр залуус номын санчтай, хараа хяналттай нам гүм орчноос илүү чөлөөтэй байх дуртай болов уу. Залуус хараа хяналт, шаардлага дор байхыг хүсдэггүй байх. Ер нь Их сургуулиудын номын сан шалгалт дөхсөн үед ачаалалтай байдаг. Багш нар нь унших материал өгдөг учраас улирлын шалгалт, бие даалт хурааж авах, явцын шалгалтын үед номын сан хүн ихтэй. Гэхдээ цар тахлаас хойш анзаарагдаж буй зүйл нь цаасан номын уншилт багасаж цахим номын уншилт тав дахин нэмэгдсэн. Харин цаасан номын уншилт жилд 100 гаруй мянгаар буурсан. Нийтийн номын сангаас ялгаатай нь эрдэм шинжилгээний академик номын сан шүү дээ. Харин нийтийн номын сан иргэдийг татах үйл ажиллагаа заавал явуулж байх ёстой. Хүүхдүүд ном уншихгүй байгаа нь Монгол хэл, уранзохиолын хичээлийн цаг багассантай ч холбоотой байж магадгүй. Гэхдээ номын сан хүмүүсийг татах үүрэгтэй. Номын сан цалин багатай учраас сүүлийн жилүүдэд мэргэжлийн бус хүн ч ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Энэ мэтчилэн шалтгаанаас гадна нийтийн номын сангийн хүрэлцээ байна уу, аль эсвэл номын хангамж социалист нийгмээс хойш бага төсөвтэй учраас ном багатай байна уу зэрэг олон талтай. Магадгүй ном бүрдүүлэлтээрээ МУИС Үндэсний номын сангийн дараа ордог учраас хүмүүс манай сургууль руу ирдэг байж магадгүй. Тиймээс номын санд уншигчид багассан бол шалтгааныг нь судалгаатай ярих ёстой.
Анзаарвал, номын сан кофе шоп шиг суудал сулрахыг хүлээхээр ачаалалтай ч биш. Эсрэгээрээ хотын төвд тав алхахгүй газар таарах кофе шопуудад хүүхэд, залуус ажил, хичээлээ хийж олон цагаар тухалж суух илүү сонирхолтой болсон бололтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!