"Ноорог"-ийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокурор зөвшөөрсөн тул цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг ил болголоо. Тодруулбал,
Төгрөгийн дансуудаар:
- 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
- 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Түүнчлэн ЦЕГ-аас "Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, дээрх гүйлгээнүүдийг хийсэн" гэх мэдээллийг өгөөд байна.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!