Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай айл өрхийн цахилгааны тарифт өөрчлөлт ороогүй болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Тодруулбал, улсын хэмжээнд энэ бүлэгт хамаарах 2000 гаруй айл өрхийн тог, цахилгааны үнэ нэмэгдээгүй байна. Энэ талаар тодруулахад “Олон улсад үнийн өсөлтийг бага орлоготой иргэдэд бага байлгах зорилгыг баримталдаг. Энэ дүрмийг бид баримталсан. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гаргасан журмын дагуу нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тарифын өөрчлөлт оруулаагүй. Тиймээс айл өрхүүдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Үнэ нэмэгдээгүй удаж байна” гэлээ.
Эрчим хүчний реформыг эхлүүлэхийн тулд цахилгаан, дулааны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Цахилгааны үнийг аж ахуйн нэгж байгууллагын тариф 30 хувиар, айл өрхийн хувьд хэрэглээнээс шалтгаалсан шаталсан тарифыг оруулж ирсэн билээ.
Тодруулбал, улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг бөгөөд сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан бол энэ дүн дунджаар 52.000 төгрөг болж нэмэгдэж байгаа юм. Гэхдээ айл өрхүүдийн хувьд цахилгааны үнийн нэмэгдэл нь хэрэглээнээс шалтгаалж шаталсан байдлаар нэмэгдэж байгааг Эрчим хүчний зохицуулах хороо өмнө нь мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!