Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЗХ: Цахилгаан эрчим хүчний тарифын өсөлтөөс 550 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр төвлөрөөгүй

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 27 секунд


УИХ-ын гишүүн С. Цэнгүүн манай сайтад өгсөн ярилцлагадаа, "Цахилгааны үнийг нэмснээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан ч зарцуулалт нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Хамгийн сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан мэдээллээр, “Үнэ тариф нэмснээр 550 гаруй тэрбум төгрөг цугларсан” гэх.

Үүний зарцуулалт нь хоосон элсэн дээр ус асгаж байгаа мэт хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр, энэ салбарт ажиллаж буй ажилчдын цалин хөлс нь бодитоор нэмэгдэж мэдрэгдээгүй. Гэтэл тоон дээрээ нэмэгдсэн гэж харагдаж байгаа ч энэ нь НДШ-д татагдчихаж байгаа юм. Нөгөө талдаа, тариф нэмсэн орлогоороо тоног төхөөрөмжүүдээ шинэчилнэ гэж ярьж байгаа ч 70 хувь нь элэгдэлд орчихсон байдлыг нэг жилийн дотор шинэчлэх нь хүндрэлтэй” хэмээн онцолсон юм.

Б.Эрдэнэбулган: Оны эхний хагас жилийн эрчим хүчний тооцоололтой санхүүгийн тайлангаас үзэхэд 274 тэрбум төгрөг тарифын өсөлтөөс нэмэлт орлого олсон

Энэ талаар бид Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодруулахад, “Олон нийт буруу ойлголттой байгаа. Цахилгаан эрчим хүчний тарифын өсөлтөөс 550 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр төвлөрөөгүй. Оны эцэс гэхэд 546 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдэхээр тооцоололтой байгаа. Оны эхний хагас жилийн эрчим хүчний тооцоололтой санхүүгийн тайлангаас үзэхэд 274 тэрбум төгрөг тарифын өсөлтөөс нэмэлт орлого олсон гэх тооцоолол гарсан. Эрчим хүчний салбарт 90 гаруй компани тусгай зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, борлуулах үйл ажиллагааг явуулдаг. Сая хэлсэнчлэн оны эцэс гэхэд 546 тэрбум төгрөгийн орлого хуримтлагдана. Үүний 40 гаруй хувь нь эрчим хүчний салбарын ажилчдын цалингийн өсөлтөд зарцуулагдаж байгаа. 15 хувь нь нүүрсний уурхайнуудын нүүрсний үнийн өсөлт, Улаанбаатар төмөр замын нүүрс тээврийн тарифын өсөлтөд, 5-6 хувь нь ОХУ-ын импортын цахилгааны үнийн өсөлтөд зарцуулагдана. ОХУ улирал тутам гэрээгээ шинэчилж, үнээ өөрчилдөг. 2025 онд ОХУ-ын импортын үнэ 25 хувиар өссөн. Мөн 14 хувь нь эрчим хүчний компанийн засвар шинэчлэлийн ажилд зарцуулагддаг. Таван хувь нь тарифын шинэчлэлтэй холбоотой Алтай, Улиастайн эрчим хүчний алслагдсан системүүдэд Улсын төсвөөс татаас өгдөг байсан. Үүний нөхөлтөд зарцуулж байгаа гэх мэтчилэн зарцуулалтууд тодорхой байгаа. Энэ зарцуулалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр ЭХРҮХ-нд дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн оны эхний хагаст ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын байгууллага, Үндэсний аудитын газраас тарифын зохицуулалттай холбоотой томоохон хэмжээний хяналт шалгалт хийгдсэн. Үүнд бүх зарцуулалтын талаар мэдээллийг өгсөн" гэв.

АНИМО 2025: Бүтээлч салбарынхныг урьж байна
АНИМО 2025: Бүтээлч салбарынхныг урьж байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.