Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдийн 234 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулсан. Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааны нийт зардлыг 2021 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасан байдаг.
Тэгвэл Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүү АТГ-д шалгагдаж эхэлжээ. Я.Сумхүү нь "Сонголт дизайн" ХХК-д хувь эзэмшдэг.
Тэрбээр "Сонголт дизайн" ХХК-ийн 9 хүнийг 2024 оны аравдугаар сараас эхлэн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажилд авах тушаал гарган төсвийн мөнгөөр цалинжуулсан гэх хэрэгт холбогджээ.
Эх сурвалжийн мэдээллээр "Нийтдээ дөрвөн сарын хугацаанд тухайн байгууллагад ажилладаггүй 10 гаруй хүнд олгосон цалин нь ойролцоогоор 150 сая төгрөг орчим болно. Цагийн бүртгэлд эдгээр хүмүүсийг ирснээр тооцож бүртгэхийг албадан шахдаг байсан" гэх мэдээллийг өглөө.
Өөрөөр хэлбэл, Я.Сумхуу дарга төсвийн мөнгөнөөс өөрийнхөө хамаарал бүхий компанийн ажилчдыг цалинжуулсан гэх хэрэгт холбогдсон гэсэн үг.
Түүний ажилд авч, цалинжуулсан хүмүүсийг дурдвал Ахлах инженер Ц, барилгын инженер А, хяналтын инженер М, инженер О, инженер Б, мэргэжилтэн Т, төлөвлөлтийн архитектор Х, төслийн менежер У, 3d анимэйшн, графиз дизайнер У нарын 9 хүн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Я.Сумхүү нь ХБНГУ-д хот төлөвлөгчөөр бакалаврын зэрэг, Австрали улсад хот төлөвлөгчөөр магистрын зэрэг хамгаалсан Хот төлөвлөгч аж. Түүний хувьд “Сонголт дизайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны нэгдүгээр сард "Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.
Ташрамд дурдахад, "Сонголт дизайн" ХХК нь 2024 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон Р.Эрдэнэбүрэнд 30 сая төгрөгийг хандивлаж байсан. Р.Эрдэнэбүрэн 2012-2015 онд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 онд "Сонголт Дизайн" ХХК-ийн ТУЗ-н даргаар ажиллаж байв. Тэрбээр “Сонголт дизайн” ХХК-д хувь эзэмшдэг байсан ч нэрээ хасуулсан гэх мэдээлэл ч бий. Ямартай ч өнөөдрийн байдлаар дээрх компанид хувь эзэмшигчээр нь АТГ-д шалгагдаж байгаа Ядам Сумхүү болон Жаргалсайхан Одончимэг гэх хоёр хүн байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!