Улсын Онцгой Комиссын 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэх болжээ.
Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд өнөөдөр /2020.11.11/ 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн дэлгэрэнгүй хуваарийг БШУЯ албан ёсны цахим хуудсандаа удахгүй оруулах юм. Хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулах бөгөөд үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй аж.