Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний 50 насны ойд хүндэтгэл үзүүлж, долоон сая төгрөгийн төсөв, мөнгөн аяга бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа тайлбар гаргажээ. Тэрбээр:
-Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас хүний мууд ямар их дуртай улс вэ. Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.
Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.
Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж бичжээ.