CNN "Монголын нүүдэлчин, малчин ардын аж ахуй, амьдралд хиймэл оюун ухааныг хүргэж буй эмэгтэйтэй танилц" хэмээн ЦХИХХ-ны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийг онцолжээ.
Нийтлэлд "Хиймэл оюун ухааны хөгжлийн талаар хэлэлцэж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр тийм ч их яригддаггүй сэдэв болох мал аж ахуйн талаар Батцэнгэлийн Болор-Эрдэнэ илтгэгч хөндлөө. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн асан, 32 настай эмэгтэй бөгөөд /2025.01.27/ Швейцарийн Давос хотноо болж буй ДЭЗФ-ын үеэр “Би малчин өрхөөс гаралтай, одоо ч надад 300 хонь бий” хэмээжээ.
ОХУ, БНХАУ-ын дунд орших ардчилсан орон болох Монгол Улс нь 3.5 сая хүн амтай бөгөөд тэдний 30 орчим хувь нь нүүдэлчин малчид байдаг. Дээрх сэдвийг хөндсөн нь энэ улсад цахим шилжилт ямар ач холбогдолтой, яагаад үүнд тэмүүлэн ажиллаж буйгаа тайлбарлахад тун тохиромжтой оршил байв.
Б.Болор-Эрдэнэ нь Монголын хөдөө, орон нутгийн иргэдэд хиймэл оюун ухааны талаар боловсрол олгох 500 багшийг бэлтгэх зорилготой “AI Academy Asia”-г үүсгэн байгуулагч бөгөөд нэгдүгээр сарын 27-нд албан ёсны нээлтээ хийсэн. Тэрбээр "Хэрэв бид хүмүүст боловсролыг тэгш олгож чадвал асар том нөлөө үзүүлнэ" гэжээ.
Мэргэжилтнүүд хэдэн арван жилийн турш компьютер, интернет ашиглах боломжтой болон боломжгүй хүмүүсийн хооронд дижитал хуваагдал нэмэгдэж байгааг анхааруулсаар ирсэн. Дэлхий даяар 2.2 тэрбум хүүхэд, залуус гэртээ интернет ашиглах боломжгүй байна. Монгол Улсын хүн амын 84 орчим хувь нь интернет ашигладаг.
Олон улсын валютын сангаас хиймэл оюун ухаан нь дэлхий даяарх ажлын байрны бараг 40 хувьд нөлөөлж байгаа ба "Хиймэл оюун ухаан нь тэгш бус байдлыг улам дордуулна" хэмээн анхааруулсан байна. Нийгмийн бусад тэгш бус байдал байсаар буй Монгол Улсад энэ тэнцвэргүй байдал ямар нөлөө үзүүлэх талаар Б.Болор-Эрдэнэ санаа зовж байгаа гэв. Тухайлбал, "Хөдөөгийн сургуулиудад компьютер /мэдээлэл зүй/-ын багш байдаггүй. Бидэнд боловсрол, өрхийн орлого буюу амьжиргааны түвшин, жендэрийн зэрэг тэгш бус байдал байгаа дээр дижитал тэгш бус байдлыг нэмбэл улам их зөрүү бий болгох бөгөөд энэ нь хүүхдүүдэд маш шударга бус зүйл гэж бодож байна" гэлээ" хэмээжээ.
Мөн "ДЭЗФ-ын Дэлхийн залуу удирдагчдын форумын гишүүн Б.Болор-Эрдэнэ нь боловсролын хүчийг өөрийн биеэр мэдэрсэн гэдгээ CNN-д ярьжээ. Орон нутагт төрсөн тэрбээр 10 настайдаа гэр бүлийн хамт нийслэл Улаанбаатар хотноо нүүж, хөдөөнийх хэмээн ихэд дээрэлхүүлдэг байсан тул хичээлдээ шамдан, гурван анги үсэрч, 14 настайдаа сургуулиа төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар 29 настайдаа Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн болж, ЦХИХХЯ-ны дэд сайд болсон.
Уг ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ тэрбээр алслагдсан нутгийн иргэд төрийн байгууллагад очихын тулд хол зам туулдаг байдлыг халахын тулд төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Mongolia” системийг санаачилсан юм. Мөн 2021 онд нүүдэлчин болон амьдралын боломж тааруу 16-18 насны охидод код бичих сургалт, зөвлөгөө өгдөг “Охидын код” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. “Охидын код” нь 120 төгсөгч бэлтгэсэн бөгөөд тэдний зарим нь Харвард, Массачусетс болон Кембрижийн технологийн их сургууль зэрэгт суралцаж, программ зохиож, гарааны компани үүсгэн байгуулсныг Б.Болор-Эрдэнэ дурдав. “AI Academy Asia”-гийнхаа тусламжтайгаар энэ ажлаа өргөжүүлж, илүү олон хүнд, тэр дундаа хөвгүүдэд хүрч, ажил, хичээлдээ хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болно гэж найдаж буйгаа тэрбээр хэллээ.
“AI Academy Asia”-гаас малчдад практик ур чадвар эзэмшүүлэх зорилготой сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Өнгөрсөн өвөл Монгол орны хэмжээнд өвөлжилт хүндрэн “зуд” болж, олон сая мал хорогдсон нь малчдын амьжиргаанд ихээхэн хүндрэл учруулсан юм. Иймд цаг агаарыг урьдчилан таамаглах, малын хорогдлоос сэргийлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж сурснаар малчид зудын үеэр илүү сайн тэсвэрлэж гарах боломжтой гэж Б.Болор-Эрдэнэ хэлж байв" хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: CNN
Орчуулсан Б.Отгонтуяа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!