УИХ-ын 2025.01.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Хуудлийн төсөлд, Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг хамгаалах зорилгоор Засгийн газар нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн турш амжилттай хэрэгжүүлж улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2014 онд баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад малчдын гамшгийн эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцооны суурь тавигдсаныг дурдлаа.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх даатгалын тогтолцоо нь эрсдэл тохиолдсоны дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс зардал багатай, тогтвортой, үр дүнтэй байдаг нь олон улсад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн гамшиг их хэмжээний эрсдэлийн эсрэг хэрэглэдэг даатгалын шинэлэг төрөл гэдгийг сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59,4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган малчин өрхөд 26,1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна гэв.
Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлж, индексжүүлсэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн боловч жилд дунджаар нийт малчин өрхийн дөнгөж 11-18 хувь, малын 7-10 хувь нь тус тус даатгалд хамрагдаж байгаа нь эрх зүйн орчныг шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа төрийн бодлогын зорилт төдийлөн оновчтой хангагдахгүй байгааг харуулж байна. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас уг хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!