Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн юм.
Нэр дэвшигчдийн мэдээллийг танилцуулж байна.
Төмөрбаатарын Гарамжүгдэр. 1988 онд Дорнод аймагт төрсөн тэрбээр өдгөө 37 настай. 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн бол 2019 онд Австрали Улсын Жеймс Кук их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. 2010-2016 онд УБ Сонгдо эмнэлэгт Санхүүгийн албаны захирал, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 2019 оноос хойш Австрали улсын “Welken” LLC, Санхүү татварын зөвлөх; 2021 оноос одоог хүртэл “Эй Би Эй Жи Скрийнин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.
Дорждэрэмийн Цолмон. 1988 онд Дархан хотод төрсөн, 37 настай. 2006-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйчээр төгссөн. 2015 онд АНУ-ын Калифорнийн их сургууль, (Беркли) Хууль зүйн сургуулийг төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 2010-2013 онд “Говийн зам” ХХК-д гэрээний мэргэжилтэн; 2013-2016 онд өмгөөллийн “Батбаяр энд Партнерс” ХХН-ийн ахлах хуульч, 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын зөвлөхийн туслах; 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч; 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга; 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад 2024.07 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.
Ганболдын Золбоо. 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. 1997-2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр, 2009-2011 онд Вельсын их сургуульд суралцаж, олон улсын бизнес удирдлагаар төгсжээ. 2020-2022 онд Санхүү, эдийн засгийн сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. 2013-2018 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн зөвлөх, Дэлхийн банкны зөвлөхөөр ажиллаж; 2018-2022 онд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн Нэгтгэлийн хэлтсийн дарга; 2022 оноос одоог хүртэл Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байгаа юм байна.
Идэшийн Батхүү. 1981 онд Увс аймагт төрсөн, 44 настай. 2001-2005 онд БНСУ-ын Инха их сургуулийг төгссөн. 2005-2007 онд БНСУ, Сөүлийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2008-2010 онд Сангийн яамны мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж 2010-2012 онд Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн; 2012-2013 онд Эдийн засаг, хөгжлийн яаманд мэргэжилтэн; 2013-2016 онд “Бридж групп”-т Газрын захирал; 2016-2018 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Тасгийн дарга; 2018-2022 онд Сангийн яамны газрын дарга; 2022 оноос одоог хүртэл Эдийн засаг, хөгжлийн яамны Газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.
Дамдиндоржийн Мягмарцэрэн. 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн, 50 настай. 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, эрх зүйчээр төгссөн. 2008-2009 онд Шихихутуг их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999 онд “Монголтранс” ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажлын гараагаа эхэлж, 2000-2002 онд “Стелла интернэшнл” ХХК-ийн хуулийн зөвлөх; 2002 онд “Айвенхоу майнз” ХХК, геофизикч; 2003-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч; 2007 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газарт референт, зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа, улсад 26 жил ажилласан байна.
Авирмэдийн Даваасүрэн. 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 61 настай. 1987 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дунд сургууль, 1997 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийг төгссөн. 2001 онд ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засгийн улсын академийн аспирантурт, 2014 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийн докторантурт тус тус суралцжээ. Тэрбээр 1987.09 сараас 1993.12 сар хүртэл Зэвсэгт Хүчний 137 дугаар ангид онгоцны радиолокацийн тоноглолын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1993-1995 онд “Титэм” ХХК-ийн захирал; 2002-2004 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт Эдийн засгийн бодлогын зөвлөх; 2004-2005 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимд багш; 2005-2006 онд БХИС-ийн Удирдлага, технологийн дээд сургуулийн захирал; 2006-2007 онд ОБЕГ-ын Захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ, улсын нөөц хариуцсан Дэд даргаар ажиллажээ. Мөн 2007-2008 онд Авлигатай тэмцэх газарт Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих төсөл”-ийн дэд төсөл “Төрийн албан хаагчын ашиг сонирхлын зөрчлийн менежмент” төслийн үндэсний зөвлөх; 2009-2010 онд МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал; 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Дэд захирлаар ажиллаж байсан байна. 2013-2016 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх; 2008 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр ажиллаж байна.
Улмаар ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлж, parliament.mn цахим хуудаст байршуулах юм байна. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох шийдвэрийг гаргах аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!