"Харзны усанд хамтдаа орцгооё", "Харзны ус сонирхогчдын групп", "Харзны усанд дурлагсад" гэх мэт хар мянган пэйж хуудас бий. Тус группүүд дээр "Хоолой өвдсөн үед харзанд орж болно, бага насны хүүхдийг харзанд оруулах сайн, харзнаас гарч ирээд нэрмэл эсвэл 100 татах хэрэгтэй" гэх зэрэг болсон болоогүй баахан зөвлөгөө хөврөх аж. Эмч нар мэдээж үүн дээр эсрэг үзэл бодолтой байна. Учир нь харзны усанд жирэмсэн хүн, хүүхэд, 70-аас дээш настай хөгшид, зүрх, судасны өвчтэй, даралт өөрчлөгддөг хүмүүс орохгүй байх хатуу заалттай.
"Асралт мед" эмнэлгийн уламжлалтын их эмч Т.Энхбаяр "Хүйтэн агаарын хэмд амьсгалын замын өвчин сэдрэх, амьсгалын замын өвчнөөр цочмог өвчлөх эрсдэлтэй. Дээрээс нь хүний дархлааны тогтолцоог маш хүчтэй цочроож, дарангуйлах эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс бага насны хүүхдийг харзны усанд оруулах нь аюултай.
Түүнчлэн томчууд харзны усанд орсны дараа сайхан амраад, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх ёстой" гэдгийг онцлов.
Ялангуяа 2025 он гараад харзны усыг зорих иргэд ихэссэн байна. Харзны усанд орох хүмүүст амралтын хоёр өдөр фургоноор үйлчилдэг үйлчилгээ хүртэл гарчээ. Тодруулбал, фургонд багтах хүний тоогоор буюу 5-6 хүнд үйлчлэхэд 500 мянган төгрөг.
Ихэвчлэн гачуурт, Монгол шилтгээний баруун талын харзны ус руу иргэдийг авч явдаг бөгөөд хотоос гарвал үнэ нь 100-200 мянгаар нэмэгддэг.
Усыг усны хортой үе, усны хор гадагшилсан үе гэж үндсэндээ хоёр хуваадаг. Өөрөөр хэлбэл, зун болж аадар бороо орж, цахилгаан цахисны дараа усны хор гардаг гэж үздэг учраас иргэд харзны усанд намрын сүүл, өвлийн эхэн сард ордог байна.
Өнгөрсөн жилүүдэд иргэд Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах Адам, Ева хөшөөний баруун талын Сэлбэ голын харзны усанд ихээр ордог байж. Гэвч энэ жил Монгол шилтгээний баруун талын харзны усыг зорих болжээ. Унаа тэрэггүй хүмүүс нь фургон хөлслөөд очдог гэнэ.
Тэгвэл харзны усанд орох нь биед ямар ашиг тустай вэ гэдэг нь анхаарал татна.
-Харзны усанд орох нь богино хугацаанд дархлааг идэвхтэй ажиллуулдаг-
"Асралт мед" эмнэлгийн уламжлалтын их эмч Т.Энхбаяр "Харзны усанд ороход 2-3 минут хангалттай. Бүтэн биеэрээ суниах, хэвтэх байдлаар бүх биеийг хамруулж орно. Гарч ирмэгцээ биеэ хурдан арчаад, малгай хувцсаа өмсөөд халуун цай ууж биеийн дулаанаа хадгалах хэрэгтэй. Харзны усанд бүтэн биеэр ороод гарах нь судсанд маш хүчтэй цочролыг өгч нарийссан болон цус гүйхгүй байгаа судасны судлыг нээж өгч нэг ёсондоо дархлааг тэтгэх үндэс суурь болдог. Зүрх судасны өвчлөлтэй таргалалттай, тамхи татаж, архи уудаг зуршилтай бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч орохыг сануулж байна.
Харзны усанд орох нь богино хугацаанд дархлааг идэвхтэй ажиллуулдаг гэсэн үг. Булчингийн ямар нэгэн гэмтлийг засах мэдрэлийн гаралтай өвдөлт, үрэвслийн эсрэг процессыг өндөр болгож өгдөг давуу талтай. Үүнээс гадна архаг хууч өвчин сэдрэх тохиолдол ч бий.
-Сөрөг тал нь цус харвах эрсдэлтэй-
Тиймээс зүрх судасны өвчтэй, цусны даралт ихэсдэг, цус өтгөрөлттэй хүн хүйтэн усанд гэнэт ороход аюултай. Тэр дундаа эрэгтэй хүн цусны өтгөрөлт ихтэй байдаг.
Нарийн тайлбарлавал, харзны ус гэдэг нь -20-иос дээш градустай хүйтэн ус. Гэхдээ өвлийн улиралд буюу гадаа -20 ба түүнээс дээш хэмтэй байхад харзны усанд орно гэдэг буруу. Хүний биеийн ердийн дулаан 37 хэм байдаг. Ийм өндөр халуунтай хүний бие гэнэт хүйтэн усанд орсноор мэдрэлд хурц цочрол үүснэ. Үүнээс гадна бүх судас агшиж, цусны урсгал хэсэгхэн хугацаанд зогсонги байдалд ордог. Уснаас гарч, дулаан хувцсаа өмссөний дараа агшсан судас буцаж тэлэхдээ цус бүлэгнэдэг. Ингэж цус бүлэгнэснээр цус харвах, зүрх, судасны гэмтэл үүсэх, хүндрэл өгөх, цаашлаад гэнэт нас барах зэрэг сөрөг талтай" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!