Өнөөдөр 13:00 цагаас эхэлсэн Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болж өндөрлөлөө. Уг барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат MCS групп, Гал Хонгор ХХК-ны бөх улсын залуу начин Э.Батмагнай үзүүр түрүү булаалдахаар Улсын заан Б.Сериктэй таарч түрүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр улсын залуу начин Э.Батмагнайгийн ээжийн төрсөн өдөр юм байна. Тиймдээ ч түүний хувьд ээждээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-оор бэлэг барилаа гэхэд буруудахгүй болов уу.
Улсын залуу начин Э.Батмагнай 2001 онд төрсөн. Тэрбээр 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол, 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 6 давж, аймгийн заан цол хүртсэн бол 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн их ойн баяр наадамд 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн билээ.