ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир, С. Энхбаатар нарыг УИХ-д санал болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.12.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. Гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлсэн тус томилгооны сонсголд нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарын талаар танилцуулав.

Нэр дэвшигч М.Алтан-Очир 1993 оноос хойш 30 гаруй жил төрийн тусгай чиг үүрэг биелүүлдэг хууль сахиулах байгууллагад ажиллах хугацаандаа мэдлэг, боловсролоо тогтмол дээшлүүлж байснаа дурдав. Мөн ШШГБ-ын удирдах түвшинд тогтвортой ажиллаж, бодлого хэрэгжүүлэх түвшинд ажиллаж байснаа танилцуулаад энэ туршлагадаа үндэслэн parliament.mn цахим хуудас дахь холбогдох мэдээллийг судалж, нэр дэвших хүсэлт гаргахаар шийдсэн гэлээ. М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажлаа танилцуулсан. Шүүхүүдийн байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах, шүүхийн цахимжилтыг дэмжих, шүүхийн ажлын ачаалал зохистой болгох, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана гэв.

Дээрх мэдээлэлд тулгуурлан М.Алтан-Очир нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Ийнхүү дараагийн нэр дэвшигчийн талаар томилгооны сонсгол үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нэр дэвшигч Самдангийн Энхбаатарын талаар танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байна гэв. Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлсэн гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллана гэлээ. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвшигчийн шаардлагыг хэрхэн хангасан талаарх ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг танилцуулав.

С.Энхбаатар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

2500 багшийг “Ерөнхий боловсролын сургуулиулийн сургалтын хөтөлбөрт тохируулга хийх арга зүй” сургалтад хамрууллаа
2500 багшийг “Ерөнхий боловсролын сургуулиулийн сургалтын хөтөлбөрт тохируулга хийх арга зүй” сургалтад хамрууллаа
 
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
2025 оны Төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!