Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх “зөвлөгөө“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 24 секунд

Дэлхийд томуугийн 200 гаруй вирус амьсгалын дээд замыг өвчлүүлдэг байна. Томуугийн вирус гэдэгт томуугийн H1N1, томуугийн А хүрээний Н3N2 болон томуугийн В вирус орно. Манай улсад аравдугаар сараас тавдугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе явагддаг байна.

Энэ тухай ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица:

“Томуу нь хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас баралтанд хүргэдэг өвчин. Томуугийн улирлын дэглэлт нь жил бүр өөр, хүн амын бүлэгт харилцан адилгүй нөлөө үзүүлдэг боловч жил бүр хэдэн зуун сая хүн томуугаар өвдөж, олон зуун мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэдэн арван мянган хүн томуугийн улмаас нас бардаг. Улирлын томуугийн дархлаажуулалт нь томуугаас сэргийлэх хамгийн сайн арга бөгөөд ялангуя COVID-19-ийн цар тахлын үед томуугаас хамгаалах нэн чухал арга юм” хэмээсэн юм. Иймд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, өвдсөн үед асрах энгийн аргуудыг зөвлөж байна.

-ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ-

Хүчилтөрөгчийн дутлын шинжүүдээс илрээгүй, томуугийн хүндрээгүй хэлбэрийг өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчилж болно. Томуу өвчний нууц үе 1-4 хоног, өвчин өвчилсөн эхний өдрөөс 5 хоног, хүүхдэд 7 хоног түүнээс удаан үргэлжилж болно.

  • Сайн амрах, дулаан тайван байх
  • Хамарт дусаалга дусаах, халдваргүйтгэх уусмалаар (фурациллин, царвангийн хандмал, риванол, тамедин, давстай ус гэх мэт) хоолойгоо зайлах
  • Гараа савандаж сайн угаасны дараа цэвэр алчуураар арчих буюу хатааж,  дараа нь гар ариутгагч уусмалаас хийн гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана.
  • Хамар, хоолойг 2%-ийн содийн уусмалын уураар утах
  • Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
  • Гич болон шилмүүстэй халуун усанд хөлөө дүрэх болон ваннад суух
  • Халуун аарц, хярам, сүү, аньс, чацарганы шүүс ууж хөлрөх
  • Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
  •  Гэр байранд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2-оос доошгүй удаа хийж, цэвэр агаар 2 цаг тутамд оруулах
  • Тамхи татахыг цээрлэж, маск зүүх
  • Өглөөний гимнастик, бие чийрэгжүүлэх хөнгөн дасагал хийж дараа нь халуун бүлээн шүршүүрт орж дулаан хувцаслах
  • Халуун буулгах, булчин, толгойн өвдөлт намдаах зэрэг шинж тэмдэг дарах эм мөн дархлаа сайжруулах  эмийг эмчийн заавраар, тохирох тунгаар  уух

Томуу болон томуу төст өвчнийг олон төрлийн вирус үүсгэдэг тул онцийн шаардлаггүй тохиолдолд олон хүн цугларсан үзвэр үйлчилгээний газраар явахгүй байж дахин шинэ халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй.

-ЦЭГЭН МАССАЖ ХИЙХ ЗӨВЛӨМЖ-

Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:

1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)

2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)

3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)            

4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)

5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)

6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)

7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)

8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

-ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ХЭН ХААНА ХИЙЛГЭХ, ЮУГ АНХААРАХ ВЭ-

Хэн, хаана хийлгэх вэ?

Улаанбаатар хотод:

  • 2-9 насны цэцэрлэг сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
  • 6 сартайгаас есөн насны цэцэрлэг сургуульд хамрагдаагүй хүүхэд, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Аймгийн төвд:

  • 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
  • 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцины найрлагад орсон бодисуудад өмнө нь анафилаксийн урвал илэрч байсан
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Өмнө нь томуугийн вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараа Гиллен Барын хам шинж өгч байсан
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Дархлал дутмагшилтай
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс
  • Неомициний төрлийн антибиотикт харшилтай хүн
  • Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж буй үед вакцин хийлгэхийг хориглоно.

Иргэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдол хэвтрийн дэглэм сахиж, гадуур явахдаа амны хаалт хэрэглэх шаардлагатай юм. Түүнчлэн хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүддээ томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

С.Хонгорзул

АСУУДАЛ: Зам тээврийн ослоор 976 хүн гэмтсэний 139 нь хүүхэд байна
АСУУДАЛ: Зам тээврийн ослоор 976 хүн гэмтсэний 139 нь хүүхэд байна
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.