Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах тухай МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс шаардлага хүргүүллээ. Тодруулбал,
"Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд найрамдах Армени Улс, Беларус, Казахстан, Киргиз, ОХУ-тай худалдааны түр буюу завсрын гэрээг тооцоо судалгаа хангалтгүй байхад хэт яаран байгуулах гэж байгаа нь эдийн засаг, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулах алхам болж байна.
Улсын Их Хурлаас 2015 оны 2 дугаар сард Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд энэхүү хэлэлцээрээс Монгол Улс худалдаа, эдийн засгийн үр өгөөж хүртэж чадаагүй сургамжаасаа бид суралцах ёстой.
МҮХАҮТ-аас хэлэлцээрийн төслийн хүрээнд тухайн асуудлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан ажлын хэсгүүдээр асуудал болгоныг нягтлан хэлэлцэх санал гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах болон бизнес эрхлэгчдээс гаргаж байсан бусад саналуудыг тусгасан эсэх нь өнөөдөр тодорхойгүй байна.
Энэхүү түр хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарыг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болон хөнгөлттэй зээл тусламжийн талаар баримталж байгаа төрийн бодлоготой зөрчилдөж байна. Мөн урт хугацаандаа стратегийн шинж чанартай бүтээгдэхүүний нийлүүлэлт нөгөө талын зах зээлээс хэт хамааралтай болох эрсдэл дагуулж болзошгүй юм. Ялангуяа олон улсын худалдааны хориг арга хэмжээнд ороод байгаа улс орнуудтай яаран хэлэлцээр хийх нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд ноцтой үр дагавар бий болгоно.
Иймд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын тогтвортой байдлыг хангах үүднээс эдийн засгийн хөгжил, дотоодын үйлдвэрлэлд өндөр эрсдэлтэй, төрийн бодлого шийдвэртэй зөрчилдсөн хэлэлцээрийн асуудлуудаар, тухайлбал дотоодод үйлдвэрлэж байгаа болон цаашид үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг жагсаалтад оруулахгүй байх, дотоодоосоо хангаж чадахгүй байгаа бүтээгдэхүүнийг импортлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар салбаруудын дуу хоолойг сонсох, нарийвчилсан судалгаа явуулах, эдийн засаг ба салбарын үр нөлөөг нарийн нягт тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж уг хэлэлцээрийг байгуулах ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулахыг шаардаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!