Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Дүүргийн менежер Д.Баярсайхан болон холбогдох албаны хүмүүс 12,13 дугаар хороонд ажиллалаа. Энэ үеэр нэгдүгээр хорооллын арын зам дагуух тохижилт, болон явган хүний замын нөхцөл байдалтай танилцаж холбогдох албаны хүмүүст хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тодруулбал:
Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст
- Явган хүний зам дагуух бургасыг хэлбэржүүлэн тайрч, орц гарц хаасан хашаа, хайсыг буулгах;
- Авто машинаа байршуулсан нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хамгаалах;
- Эвдэрч, сүйдсэн хогийн савыг сольж, шинэчлэх;
- Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст
- Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр барьсан объектыг буулгах;
- Нураагдсан хүнсний дэлгүүр, дугуй засвар зэрэг барилга байгууламжийн суурийг цэвэрлэж цэгцлэх;
Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд
- Төв зам дагуу байрлалтай иргэний өмчлөлийн газрыг, газар эзэмшигч, өмчлөгчтэй зөвшилцөж орц, гарцыг нээх ажлыг зохион байгуулах;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан иргэн, аж ахуй нэгжийн судалгааг гаргаж зөрчлийг арилгах;
Дүүргийн Замын цагдаагийн хэлтэст:
- СХД-ийн 12 дугаар хорооны орон сууцны дунд байршиж буй хот хоорондын хулгайн тээвэрт холбогдох арга хэмжээг авч журамлах;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүйгээр том оврын автомашинаа байршуулсан иргэн, аж ахуйн нэгжид холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах зэрэг хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Бид дүүргийнхээ иргэдэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ээлтэй орчныг бүрдүүлэх ёстой. Гэтэл нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн хашаа хайс нь эвдэрч сүйдсэн, зам дагуу ургасан бургас, мод нь явган хүний замд саад болохуйц нөхцөл байдалтай байна. Энэ асуудлыг бид богино хугацаанд шийдвэрлэж арга хэмжээ авдаг байх ёстой. Ингэхийн тулд дүүргийн газар хэлтсүүд уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах шаардлага байна” гэв.