Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд 169 дүгээр сургууль баригдаж улсын комисс хүлээж авсан. Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр "Чинбат" ХХК ажиллажээ. Гэвч гүйцэтгэгч компани болох "Чинбат" ХХК нь "УБЦТС" ТӨХК-нд 122 сая төгрөгийн өртэйн улмаас 169 дүгээр сургуулийн тогийг тасалсан байна.
Сургуулийн барилгыг улсын комисс хүлээн авч, сургуульд ажиллах багш ажилчид томилогдсон ч 6 сар орчим тоггүй шалтгаанаар үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байгааг сургуулийн захирал тайлбарлав.
Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга Сонгинохайрхан ХҮТ, гүйцэтгэгч компани болох "Чинбат" ХХК, хороон Засаг дарга, сургуулийн удирдлага болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр "Гүйцэтгэгч байгууллага буюу хувийн хэвшлийн компанийн өрнөөс болж улс хохироод цаашилбал 10 дугаар хорооны хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх ёсгүй. Үүсээд буй асуудлаас болоод 600 гаруй хүүхдүүд сургуульдаа хичээллэж чадахгүй байна. Тоггүй удаан байвал сургууль хөлдөх эрсдэлтэй. Сургуулийн барилга баригдаж дууссан, улсын комисс хүлээж авсан. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн ХҮТ 169-р сургуультай гэрээ байгуулж гэрээнээс хойш гарсан тогны урсгал зардлын төлбөрийг сургууль өөрсдөө төлөх байдлаар ажиллая. Энэ асуудлаар бид холбогдох газрууд руу хүсэлт хүргүүлье. Түүнээс өмнөх өр төлбөрийн асуудлыг гүйцэтгэгч компани өөрсдөө бүрэн хариуцаж өр төлбөрөө барагдуулах хэрэгтэй. Богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэж бид сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй" гэв.
Дүүргийн Засаг дарга үүссэн асуудалтай холбогдуулж "УБЦТС" ТӨХК-руу хүсэлт хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг газар хэлтэст үүрэг болголоо. Мөн сургуулийн тогийг энэ сард багтаан шийдвэрлэж, ирэх сард сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацаатай даалгавар өглөө.