СУРВАЛЖИЛГА: М.Тамирболд тархины саажилт, тулгуур эрхтний бэрхшээлтэй ч тусгай биш ЭНГИЙН сургуульд суралцаж, волейболын секцэд явж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 16 секунд

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Уг өдөрт зориулж дараах сэдвийг хөндлөө. / Эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хүүгийн зургийг нийтлэв/

****************

Олон улсын жишгээр хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгддэг хүүхдүүдийг тусгай сургуульд сургах нь хоцрогдсон ойлголт болоод удаж буй. Тэднийг жирийн хүүхдүүдийн дунд оруулж, бусад хүүхдүүдийн адил сургах нь хамгийн зөв зам гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч эцэг эхчүүд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ад үзэж, гадуурхах тохиолдол гарч байсан удаатай. Тэгвэл энэхүү сөрөг хандлага ард үлдэж, тусгай хэрэгцээт хүүхдүүд энгийн хүүхэдтэй хамт суралцаж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль 2020 онд ашиглалтад орсон, үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болжээ. Анх хөгжлийн бэрхшээлтэй хоёр, нийт 620 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө 29 бүлэгт 805 хүүхэд суралцаж байгаагаас 11 нь хэл яриа, даун, аутизм, тулгуур эрхтний бэрхшээлтэй.

Үдээстэй гутлаа өмсөхдөө заавал бусдаас тусламж авдаг. Энэ үед ангийн хүүхдүүд, багш нараас нь эхлээд түүнд туслах хүмүүс олон бий

Тэдний төлөөлөл бол М.Тамирболд. Тэрбээр тархины саажилт болон тулгуур эрхтний бэрхшээлтэй бөгөөд тус сургуулийн долоодугаар ангид суралцдаг. Түүнийг 2020 онд шилжиж ирэхдээ бүрэг ичимхий, өөрийгөө хайрцагласан байсан гэдгийг бага ангийнх нь багш Б.Болортуяа хэлэв. Улмаар М.Тамирболд цаг хугацаа өнгөрөх тусам ангийнхандаа уусаж, биеэ дааж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, ярилцдаг болжээ. Анхандаа хэцүү байсан ч одоо бол хүүхдүүд хоорондоо дасаад, эцэг эхчүүд ч тэдэнтэй их дотно болцгоосон гэнэ.

М.Тамирболдын хувьд дөрвөн мөчний саажилттай учраас хувцсаа өөрөө өмсөж чаддагггүй. Ялангуяа үдээстэй гутлаа өмсөхдөө заавал бусдаас тусламж авдаг. Энэ үед ангийн хүүхдүүд, багш нараас нь эхлээд түүнд туслах хүмүүс олон бий.

Б.Болортуяа багш үргэлжлүүлэн "Тухайн хүүхдэд нэг зүйлийг олон давтамжтай хэлэх учраас багш хүлээцтэй байх ёстой. Хүүхдүүд маань хэл ярианы бэрхшээлтэй, сонсголоороо хүлээж авдаг учраас олон зүйл тайлбарлах юм бол ойлгохгүй байх талтай. Зааж байгаа зүйл нь цэгцтэй, дараалалтай багш өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүлээцтэй байх нь чухал. Хүүхдүүд маань энгийн хүүхдүүдийг бодвол аливаа юмыг хүлээж авч сурахдаа удаан байдаг. Хэрэв тэдгээртэй уйгагүй ажиллавал бусдын адил уншдаг, бичдэг болдог" гэлээ.

Тус сургууль дүүргийнхээ 7, 20-р хорооны хүүхдүүдийг авдаг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамран сургах тойрог харгалзахгүй сургадаг аж.

Өмнөх сургуулийн багш нар нь М.Тамирболдыг энгийн хүүхдүүдтэй харьцуулж "Удаан байна, тэнэг юм уу" гэх зэргээр өөлж эхэлснээр хүү өөртөө итгэлгүй болж эхэлжээ

М.Тамирболдын ээж Ц.Заяа хүүтэйгээ ойрхон байх үүднээс тус сургуульд 2020 оноос хойш номын санчаар ажиллаж эхэлжээ. Одоо бол санаа амар байгаа гэдгийг бидэнд хуучлав. Ц.Заяа хүүгээ нэгдүгээр ангид нь энгийн сургуульд сургажээ. Гэтэл багш нар нь М.Тамирболдыг энгийн хүүхдүүдтэй харьцуулж "Удаан байна, тэнэг юм уу" гэх зэргээр өөлж эхэлснээр хүү өөртөө итгэлгүй болж эхэлжээ. Ээж нь юу ч хэлсэн "Би угаасаа чадахгүй" гэдэг үгийг амнаасааа байнга унагах болсон учраас хүүгээ 149 дүгээр сургууль руу шилжүүлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд багш нар тулж ажилласны үр дүнд М.Тамирболд хүү ээжийнхээ нүдэн дээр өөрчлөгдөж өдрөөс өдөрт сайжирчээ.

М.Тамирболд хүү цагдаа болох мөрөөдөлтэй учраас спортод их дуртай. Ялангуяа волейбол. Тиймдээ ч өнгөрсөн есдүгээр сараас эхлэн биеийн тамирын багшаасаа ганцаарчилсан сургалт авах болжээ. Энгийн хүүхдүүдэд нийт дунд нь хэлэхэд ойлгодог бол тусгай хэрэгцээт хүүхдэд олон удаагийн давтамжтай хэлж ойлгуулдаг учраас багш нар ганцаарчилсан сургалт ордог гэнэ.

Биеийн тамирын багш Ж.Чимэд М.Тамирболдыг маш мэриймтгий сурагч гэдгийг онцлов. Тэрбээр "М.Тамирболд спортоор хичээллэснээс хойш маш олон эерэг өөрчлөлт гарсан. Бөмбөгийг доороос авдаг байсан бол одоо дээрээс авч сурсан. Дандаа суугаагаараа харьцдаг байсан бол одоо босож харьцдаг болсон. Дээрээс ирсэн бөмбөгийг авснаар гарын жижиг булчингуудыг илүү ихээр ажиллуулна. Өмнө нь гарын жижиг булчингууд нь их сул байсан. Одоо бол сайжирсан. Өмнө нь заалыг 1-2 тойрдог байсан бол одоо бүтэн таван удаа тойрдог болсон. Сунгалтын дасгал нь ч гэсэн бага багаар сайжирч байна. Манай М.Тамирболд хүний үгийг маш сайн хүлээж авдаг, заасан зүйлийг хурдан сурдаг" гэв.

Энгийн хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хамт суралцахаар бусдын бэрхшээлийг ойлгож, бусдад туслахыг эрмэлзэх зэрэг маш олон чадварыг суралцдаг

149-р сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн "Эцэг эх нь багш нарыг тусгай хэрэгцээт хүүхдүүдэд анхаараад манай хүүхдэд анхаарахгүй болохоор сурлага нь муудна. Тэр хүүхдүүдтэй хамт сурахаар хүүхдийг нь гэмтээх, сэтгэл зүйн хувьд нөлөө үзүүлнэ гэдэг ч юм уу тийм сөрөг хандлагууд их байдаг байсан. Гэвч бодит байдал дээр байдал тэс өөр.

Энгийн хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хамт суралцахаар бусдын бэрхшээлийг ойлгож, бусдад туслахыг эрмэлзэх, хүн бүр ялгаатай байдгийг мэдрэх, түүнд нь хүлээцтэй хандах зэрэг маш олон чадварыг суралцдаг юм байна лээ.

2020 онд энгийн хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдийг онцгойлж харах, багш ажилтны хувьд яаж харьцахаа мэдэхгүй байсан. Тиймээс JICA олон улсын байгууллагын START-2 төсөлд сургуулийн удирдлага, багш нараас эхлээд сургуулийн үйлчлэгч манаач хүртэл хамрагдаж 68 цагийн сургалтад суусан. Тэр сургалт манай сургуулийн соёлын үрийг сайн тавьсан гэж боддог. Одоо ямар ч бэрхшээлтэй хүүхэд манай сургуулийг зориод ирсэн хүлээж авах туршлага бүрэн суусан. Тэднийг энгийн хүүхэдтэй адилхан хүмүүжүүлж, энгийн хүүхэд шиг нийгэм хүлээж авах учиртай. Хүний эрхийн талаар түгээмэл яригдах болсноор хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт гарч, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт бий болж байна" гэлээ.

Бага, дунд боловсролын байгууллагын барилга байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр Засгийн газрын хамтын гэрээний дагуу 149 дүгээр сургуулийг гурван жилийн хугацаанд барьжээ. Ингэхдээ Японы ард түмний татварын мөнгөөр буюу 14 тэрбумаар уг сургууль боссон байна. Хамгийн гол нь сургуулийн барилга бүхэлдээ хүртээмжтэй загвараар баригдсан бөгөөд сургууль доторх бүх зүйл нь тусгай хэрэгцээт хүүхдүүд зорчиход ямар нэгэн саад бэрхшээлгүй гэдгээрээ ихээхэн онцлог.

Зүүний үзүүр дээр будаа тогтох мэт хүмүүн биеийг олж хорвоод мэндэлсэн эдгээр хүүхдүүдийг ялгаварлах эрх хэнд ч байхгүй

Зүүний үзүүр дээр будаа тогтох мэт хүмүүн биеийг олж хорвоод мэндэлсэн эдгээр хүүхдүүдийг ялгаварлах эрх хэнд ч байхгүй. Үнэндээ тэд яг л бидэнтэй адил нийгмийн амьдралд орох эрхтэй бас хүсэлтэй. Харин түүнийг нь бид дандаа үгүйсгэж ханддаг хандлагаараа тэднийг жинхэнээс нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг.

Тэдний бэрхшээл бие махбодийн дутууд байдаггүй. Бидний, тэдний гэр бүлийнхний, манай нийгмийн сэтгэлийн бэрхшээл тэднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож байдаг юм шүү.

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна
Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!