Түүхийг гуйвуулахыг оролдсон хэмээн буруутган, үйл ажиллагаанд нь Хятадын Засгийн газар хөндлөнгөөс оролцсоны улмаас Хамаг Монголын эзэн Чингис хааны тухай үзэсгэлэнгээ хойшлуулах шийдвэр гаргаж буйгаа Францын музей мэдэгджээ.
XIII зууны агуу байлдан дагуулагчийн тухай үзэсгэлэнгээ гурван жилийн хугацаагаар хойшлуулсан тухайгаа Францын Нант хотын “Château des ducs de Bretagne” түүхийн музей мэдэгдсэн байна. Бид хүн төрөлхтөн, шинжлэх ухаан, ёс суртахууны үнэт зүйлсийг хамгаалах үүднээс үзэсгэлэнг хойшлуулах шийдвэр гаргасан хэмээн музейн захирал Бертранд Гуйллет мөн мэдэгджээ.
Үзэсгэлэнд “Монгол”, “Эзэнт гүрэн”, “Их эзэн Чингис хаан” зэрэг үгсүүдийг ашиглахгүй байх, хасахыг Хятадын эрх баригчид хүсжээ. Үзэсгэлэнг ӨМӨЗО-ын Хөх хотын музейтэй хамтран гаргахаар төлөвлөж байсан хэдий ч Хятадын соёлын өвийн товчоо төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахыг шаардсан байна.