УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 44 гишүүний 35 нь дэмжсэнээр 79.5 хувийн саналаар баталлаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ. Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.
“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай” хуулийг баталснаар :
- Зургаан сая хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс илүү гарсанг нь иргэд өөрсдөө төлнө.
- Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно
- Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно.
- 2019 оны 12 сарын 31-нээр зээлийн үлдэгдэлтэй нас барсан иргэдийн зээлийг тэглэнэ
- Тэтгэврийн зээлгүй ахмадууд 2021 оны тавдугаар сарын 1-нээс өмнө нас барсан тохиолдол үр хүүхдэд нь бондын эрхийн бичгийг шилжүүлнэ.
- Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй болох юм.
Хуулийн хэрэгжилтийг УИХ-ын хаврын чуулганаар танилцуулах юм.