МИАТ ТӨХК-ийн Захиргааны захирал Мөнхмарал онгоцны үйлчлэгч охидыг шөнийн цагаар дуудаж бэлгийн дарамт учруулдаг, ирээгүй охидыг нь нислэгт гаргахгүй байх, цаашлаад зайлшгүй суух ёстой Авран хамгаалах сургалтанд нь явуулахгүй нэрийг нь хасах зэргээр дарамталдаг гэх мэдээлэл тархсан.
Энэ талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулахад "Энэ нь хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэл гэж харж байна. Хэвлэлээр гарсан мэдээлэлд эх сурвалжийн мэдээллээр гэж онцолсон байсан. Тухайн эх сурвалж нь үнэхээр байвал хуулийн байгууллагад өгөх ёстой. МИАТ ТӨХК-ийн дотоод ёс зүй, хэм хэмжээний журамд ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг. Энэ журмын хүрээнд ажилчдаас дарамт шахалт, хууль бус үйлдлүүд дээр санал, гомдол авдаг гурван шугамтай. Нэг нь хайрцгаар, нөгөө нь мэйл хаягаар үлдсэн нь утсаар авдаг.
Дээрх гурван шугамаар өнөөдрийн байдлаар авран хамгаалах сургалтад явуулахгүй, бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол ирээгүй. Ямар ч төрлийн гомдол ирсэн тохиолдолд тухай бүрт шийдвэрийг гаргаад явна.
Үүнийг би цэвэр хүний нэр төрд халдах гэсэн, зохион байгуулалттай дайралт гэж харж байна. Үнэхээр тийм байвал хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Нэр дурдагдсан захирал нэр төрөө сэргээлгэхээр цагдаад гомдол гаргасан юм байна лээ" гэв.