СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшиллоо.
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу 24-ний өдөр товлосон юм. Шүүгдэгчийн зүгээс "Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан бол түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан тул дээрх хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэхээр шүүх хурал түр завсарласан бөгөөд дээрх шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, шүүгдэгч Р.И-ын өмгөөлөгч Б.Б "БНХАУ-ын Бээжин хотод яаралтай эмнэлэгт үзүүлэхээр зорчих шаардлагатай болж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн нислэгээр явсан тул Р.И-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн" байна.
Шүүгдэгч Р.И-н өмгөөлөгч Э.А нь “хэргийн материалтай танилцах боломжтой хугацаагаар хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг,
Шүүгдэгч И нь “өөрийн сонгон авсан дээрх нэр бүхий өмгөөлөгч нартайгаа шүүх хуралдаанд оролцож боломжоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна. Иймд шүүгдэгч Р.И-г хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдлэх хүсэлтийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2-т “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд оролцогч, бусад оролцогч, прокурор нарыг бүрэн хамруулан оролцуулах нь мэтгэлцэх зарчмыг хангах чухал ач холбогдолтой, энэ үүргийг шүүхэд оногдуулсан тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. ...Өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан болно гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг тэмдэглэжээ.
Хэргийг сануулахад, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм.