Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42415, мөрдөн байцаалтын 3612 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “АТ” компанийн захирал Л.Ц нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн анхан шатны хуурамч баримтыг цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1.2 тэрбум төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 120 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.