Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдах товтой байдаг. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авсан тул энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй аж. Тодруулбал, Энэ долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх асуудлын товд чуулганы хуралдааны тов байхгүй байгаа юм.
Сануулахад, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлбэл УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна.
Яагаад гэвэл УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй.
Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн" гээд УИХ-ын даргаас завсарлага хүссэн юм.
Энэ дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын бүлэгт 5 хоногийн завсарлага өгсөн байдаг.