16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 16-22-ны хооронд “Тэнгис”, “Өргөө”, “Ciname next” кино театруудад болно. Тус кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Энэ удаагийн кино наадмын зохион байгуулагчдаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл хамтран ажиллаж байна.
Тус наадам нь нээлтийн кино, Монгол киноны уралдаант хэсэг, олон улсын баримтат ба уран сайхны кино үзвэр, хүүхэд залуучуудын үзвэр, сургалт, форум гэсэн үндсэн хэсгүүдтэй. Олон улсын үзвэрийн хувьд энэ жил 2024 оны Каннын олон улсын кино наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн “The seed of the sacred fig”, мөн тус наадмаас “Un Certain Regard-Youth” шагнал хүртсэн “Holy cow” гарна. Түүнчлэн “Shambhala”, “Crossing”, “There is still tomorrow” гэх мэт энэ жил кино үзэгч, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан онцлог бүтээлүүдийг толилуулахаар бэлтгэсэн байна.
Б.Баатар найруулагчийн “Гажуудал” МУСК энэ жилийн кино наадмын нээлтийг хийх бол “Монгол кино хөтөлбөр”-т найруулагч С.Баттулгын “Өмнөдийг зорих замд”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Б. Ганболдын “Пагмадулам” бүтээлүүд сонгогджээ.
Б.Энхжин