Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төв 2024 оны 9 дүгээр сарын 02-16-ны өдрүүдэд боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой 210 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүнд:
-Боловсролын яаманд хандсан 12 өргөдөл, гомдол
-Боловсролын ерөнхий газарт хандсан 2 өргөдөл, гомдол
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан 181 өргөдөл, гомдол
-Орон нутгийн захиргааны байгууллагад хандсан 15 өргөдөл, гомдол бүртгэгдсэн байна.
Эдгээрээс 110 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн нь нийт өргөдөл гомдлын 52.3 хувийг эзэлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан өргөдөл, гомдол тогтмол өндөр хандалттай байдаг бөгөөд шийдвэрлэлт өндөр буюу 102 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн ажиллажээ. Дүүрэг тус бүрээр харуулбал: СБД 7, ЧД 37, БЗД 30, БГД 22, ХУД 27, СХД 37, НД 4 өргөдөл, гомдол хамаарч байна.
Өмнөх оны мөн үед боловсролын асуудлаар нийт 185 өргөдөл, гомдлыг хүлээн авч 77.5 хувьтай шийдвэрлэж байжээ. Энэхүү үзүүлэлтээс харахад иргэдийн өргөдөл, годмлын тоо буурахгүй байгааг анхаарч, бид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй байна.
Өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилж харвал:
- Биеийн тамирын хувцас, поло фудболка авахыг шаардах, ойн арга хэмжээ, мөнгө хурааж байгаатай холбоотой өргөдөл, гомдол 14.4%
- Багшийн харилцаа, хандлагатай холбоотой өргөдөл, гомдол 28.2%
- Сургалт 21.8%
- Сургалтын байгууллагын барилгын ажилтай холбоотой өргөдөл, гомдол 7.5%
- Хүртээмж, 3 ээлжтэй холбоотой өргөдөл, гомдол 13.8%
- Сурах бичгийн хүртээмжтэй холбоотой өргөдөл, гомдол 7.6%
- Сургуулийн автобусны үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол 5.2%-ийг тус тус эзэлж байна.
Түүнчлэн спарткад, урлагийн үзлэг, намрын аялал зэрэг нэг удаагийн уламжлалт ажлуудаар эцэг, эх асран хамгаалагчдаас мөнгө хураах нь гэр бүлд санхүүгийн дарамт учруулж байгаа тухай өргөдөл, гомдол бүртгэгдэж байгааг анхаарахыг зөвлөж байна.