С.Бямбахорлоо: 2025 оны төсвийн орлого бүрдэх эсэх нь Хятадын эдийн засгаас хамаарна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 3 секунд

УИХ-ын намрын чуулган ирэх сард хуралдана. Нэн түрүүнд хэлэлцэх асуудлын нэг нь 2025 оны улсын төсвийн тухай хууль. Төсөв тойрсон асуудлаар СЭЗИС-ийн проректор, эдийн засагч, доктор С.Бямбахорлоотой ярилцлаа.

------------

-Сангийн яам 2025 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдлаа. Ирэх оны төсвийг ажиглаж байгаа байх. 33.9 их наядын орлого олно гэсэн өөдрөг төсөөллийг дагаад зардал 35.8 их наяд байхаар төлөвлөж байна. Мэдээж эдийн засгийн өсөлттэй холбоотой байж болох ч жилээс жилд улсын төсөв данхайх боллоо?

-Түүхэнд байгаагүй том төсөв баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөгөөр төсөөлж байна. Орлогын гол эх үүсвэр нь нүүрсний экспорт л байгаа шүү дээ. Тиймээс Хятадын Засгийн газарт “манайхаас нүүрсээ сайн аваарай” л гэх мессеж болж байгаа юм. Хэрэвзээ урд хөршийн эдийн засгийн өсөлт нь хэвээрээ хадгалагдвал Монгол Улс нүүрсээ ахиу экспортолсон үед энэ орлого бүрдэх боломжтой.

Ер нь жилээс жилд төсвийн зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал 2 их наяд орчим байдаг л даа. Сүүлийн таван жилийн улсын төсвийг ажиглахад зардал төсөөлсөн шиг байдаггүй. Яах вэ, 33.9 их наядын орлого олно гэж төсөөлж байгаа нь инфляц нөлөөлж байгаа болов уу. Үнийн өсөлттэй холбоотой.

-Ирэх жил 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. Цаашид 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох том амбиц Монгол Улсад бий. Магадгүй нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй бол төсөвт дарамт ирэх байх. Та эдийн засагчийн хувьд улсын төсөвт үүсэх эрсдэлийг хэрхэн харж байна?

-Дэлхийн зах зээл дээр уул уурхай, нүүрсний ханш унаж байна. Цаашид нүүрсний үнэ унасаар байвал төсвийн орлого бүрдэхгүй байх магадлалтай. Иймээс дээр хэлсэнчлэн Хятадын Засгийн газар, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж манай улсын төсвийн орлого, эдийн засаг хамаарна. Нөгөөтээгүүр, төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж байгаа нь “Оюутолгой” ордын далд бүтээн байгуулалттай холбоотой. Цаашид эдийн засгийг тэлэх байх.

Ер нь манай улс уул уурхайгаас хамааралтай байна. Цаашид Засгийн газар эдийн засгийг аль болох солонгоруулахад бусад салбарт анхаарах бодлого барих шаардлагатай. Үүний тулд шинжлэх ухаанд хөрөнгө оруулах нь чухал байна.

-Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй тохиолдолд хэт өндөр төлөвлөсөн зарлага, алдагдлын тухай яригдана. 2025 оны төсвийн зарлагын дийлэнх нь дэд бүтцэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа шүү дээ. Тэр дундаа, зам тээвэр, эрчим хүчний салбарт анхаарна гэж Сангийн яам танилцуулсан?

-Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь төсвийн зардал. Төлөвлөснөөр гүйцэт зарцуулагдаж байж бодлого хэрэгжнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ жилийн Засгийн газрын бодлого бүсчилсэн хөгжил рүү чиглэсэн байдалтай төсвийн зарлагыг зарцуулахаар байгаа нь онцлог. Нэг үгээр, хөгжилд чиглэсэн. Гэхдээ зарлагын тухайд харвал, хөрөнгө оруулалт зам тээвэр, дэд бүтэц рүү чиглэсэн байдалтай.

Ер нь зам тээвэр, барилга, сургууль цэцэрлэг зэрэг нь эргээд урсгал зардлыг бий болгодог ойлголтууд шүү дээ. Иймээс үүнийгээ эргэж харах ёстой.

Яах вэ, Засгийн газар анхаарч байгаа байх.

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХ ЭСЭХ НЬ БИДЭНД ТОМ АЙДАС БОЛЖ БАЙНА

-Ирэх оны төсөвт 4000 гаруй автозам барихаар төлөвлөөд байгаа шүү дээ. Таны ярианд дурдсанаар урсгал зардалд зарцуулагдахаар эргээд үр ашигтай, чухал эсэх нь эргэлзээтэй юм биш үү. Ер нь Засгийн газар хөндлөнгийн судлаачид, эдийн засагчдынхаа үгийг сонсож байна уу?

-Сонсдог байх гэж бодож байна. Сангийн яаманд тодорхой хэмжээний судалгаа хийгдэж, өнгөрсөн хавар Бүсчилсэн хөгжлийн тодорхой шалгууруудаар хоорондын зөвлөгөөнүүдийг хийсний үндсэн дээр авто замаа холбох боломжуудыг нээж байгаа юм. Хөрөнгө оруулалтын төсөл зам тээвэрт чиглэж байгаа нь нэгдүгээрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилготой. Хоёрт, боомтуудыг холбосон буюу гарах урсгалуудыг нээж экспортыг дэмжих бодлогоор автозамуудыг барина гэх тайлбарыг эрх баригчид өгч байгаа нь нэг талаараа зөв байж магадгүй. Мэдээж экспортын гарцыг нээх, ийм боломжуудаа нээх нь зүйтэй. Үгүй бол 80 сая тонн нүүрсээ яаж гаргах билээ.

Хэчнээн вагон, машинаар зөөсөн ч бэрх байхгүй юу. Үүн дээр замуудаа шинээр барьж, холбосны үр дүнд л экспорт нээгдэх боломж нь бүрдэх болов уу. Хамгийн гол айдас нь Хятадын эдийн засаг тогтвортой байж чадах уу. Биднээс нүүрсээ импортолсон хэвээрээ байх уу гэдэг нь маш том сорил болно.

-Бид эдийн засгийн хувьд Хятадаас хараат болж?

-Тийм. Иймээс л эдийн засаг уул уурхайгаас хараат бус болох ёстой.

-Мөн 2025 оны төсвийн төсөлд гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх байдлаар жил бүр төлөхөөр тусгасан нь анхаарал татаж байгаа. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

-Засгийн газар, Сангийн яамны мэдээлж буйгаар гадаад өрийг нэмэгдүүлэхгүй гэх. Харин яагаад өр нэмэгдээд байгаа юм гэх асуудал яригдаж байна. Энэ бол аль өмнө нь гэрээ байгуулсан өрийн асуудал. Өмнөх бондуудын өрийг шилжүүлсэн зүйл бий. Ер нь тогтвортой болж байна гэж харж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалтууд дээр нэг жишээ дурдахад, нефтийн үйлдвэр гүйцэтгэлээрээ зээл нь орж ирдэг учраас тухайн төсөл хэрэгжихийн хэрээр өр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол өмнөх гэрээний дагуух л өрийн тэлэлт гэж ойлгож болно. Түүнээс нэмж зээл авсан зүйл биш. Нөгөөтэйгүүр, гадаад өрийг хоёр салгаж ойлгох хэрэгтэй. Засгийн газрын өрөөс гадна аж ахуйн нэгжүүдийн өр байна. Гэхдээ Аж ахуйн нэгжүүдийн тавьж буй гадаад зээл нь хөрөнгө оруулалт болж эргээд эдийн засагтаа үр ашигаа өгч ашгаа олж, зээлээ дарж байхад боломжийн гэж харж байна.

Яах вэ, гадаад өрийн тэлэлт их байна гэж яригдаж байгаа ч эргээд эдийн засгийн тэлэлтийг бий болгож байгаа юм. Гол нь Засгийн газар валютын ханшийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй. Монголбанк ажлаа хийж байгаа ч валютын ханш өсөөд байвал төсвийн төсөөлөл, төсвийн зарцуулалтад нөлөөлнө.

-Одоогоор төгрөг чангарч, валют тогтвортой байгаа ч алгуур эрсдэл үүсэх нь. Голлох шалтгаан нь юу вэ?

-Валютын ханш савлах, чангарах эсэх нь Хятад болон Орос хоёр хөрш улстай ямар харилцаатай байхаас хамаарна.

-Ер нь 2025 оны төсөв макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэйгээ хэр уялдаж байна вэ. Сангийн яамнаас эдийн засгийн өсөлт саарахгүй, инфляц тогтвортой байх зэрэг “тайвшруулах” тайлбарыг өгч байгаа ч таны ярианд дурдсанаар нүүрсний экспортоос л хамаарч эдийн засагт том сорил үүсэж магадгүй юм байна.?

-Ирэх хавар эдийн засгийн нөхцөл байдлыг бид мэдэрнэ л дээ. Огцом уналт болохгүй ч тодорхой хэмжээгээр инфакт өгнө.

-Улсын төсөв хэт данхайж, огцом тэлж байгаа нь дахин тодотгол хийх эрсдэл үүсэх болгоомжлол бий гэж зарим эдийн засагчид таамаглах боллоо. Та ямар байр суурьтай байна?

-Төсвийн тодотголоос гадна одоогийн хамтарсан Засгийн газар хэр удаан оршин тогтнох байх вэ гэх асуудал яригдаж байна. Ийм болов ч Засгийн газар өмнөх бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх “Алсын хараа-2050” хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Гэвч шинжлэх ухаан, инновациас илүүтэй улсын төсөв төмөр зам, цахилгаан станцуудыг хөдөлгөхөд өнгөрсөн жилүүдэд анхаарлаа. Уг нь богино хугацаанд үр ашигаа өгөх төсөлд хөрөнгө оруулах ёстой болохыг зарим эдийн засагчид зөвлөдөг. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Бид шинжлэх ухаан инноваци руу зайлшгүй хөрөнгө оруулалтын төслүүдийг чиглүүлэх нь зөв болов уу гэж бодож байгаа. Гэхдээ яах вэ, жилээс жилд шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй хөрөнгийг нэмэгдүүлж байгаа. Гэвч энэ нь их хэмжээгээр нөлөө үзүүлэхээр биш. Солонгосын эдийн засаг судалгаа хөгжилд суурилж л солонгорсон шүү дээ. Нөгөөтэйгүүр, дэд төслүүд урд хугацаандаа л үр ашигаа өгнө гэж харж байна. Иймээс зардал л болно. Гэсэн ч тээвэр ложистикт анхаарахгүй бол өнөөдрийн нөхцөлд экспортоо дэмжиж чадахгүй. 2025 оны төсөв Бүсчилсэн хөгжилд тулгуурлаж байгаа нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад анхаарч байна. Иймээс л хөрөнгө оруулалт хийж байгаа байх.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 хэм дулаан,  бороо орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт 20 хэм дулаан, бороо орохгүй
 
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!