Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш өглөө /2024.09.10/ 07:30 цагт эх орондоо хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэрбээр “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024” наадмаас мөнгөн медаль буюу иж бүрэн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон юм. Түүнтэй хамт байт харваа, усанд сэлэлт, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Монголын баг тамирчид хүрэлцэн ирэх аж.
Э.Содномпилжээ нь пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн бөгөөд эхний оролдлогоор 243 кг, хоёр дахь оролдлогоор 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн юм.