Парисын паралимпын наадам үргэлжилж байна. Өчигдөр байт харвааны төрөл эхэлсэн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөв. Чансаа тогтоох урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ 622 оноо авч, гуравдугаар байрт бичигдсэн бол Б.Оюун-Эрдэнэ 524 оноотой, 18 дугаар байрт бичигджээ. Улмаар өндөр оноо авсан Д.Сэлэнгээ эхний тойрогтоо гоц мөргөсөн бол Б.Оюун-Эрдэнэ эхний тойрогтоо Италийн Вероника Флоренотой учраа таарав.
Д.Сэлэнгээ хоёрдугаар тойрогтоо Украины Анна-Виктория Шевченкотой учраа таарч, 6-2 харьцаатай ялжээ. Харин дараагийн тойрогтоо Словенийн Зива Лавринчтай учраа таарч 6-4 харьцаатай ялж, хагас шигшээд шалгарсан юм.
Тэгвэл Б.Оюун-Эрдэнэ эхний тойрогтоо Италийн Вероника Флореног ялсан ч дараагийн тойрогтоо Хятадын Вү Чүнянд ялагджээ. Ийнхүү Д.Сэлэнгээ хагас шигшээд Хятадын Вү Чүнянтай цэц мэргэнээ зорьж, 4-6 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө харвахаар болсон. Гэвч хүрэл медалийн төлөөх харваанд Италийн Элизабетта Мижно 6-2 харьцаатай ялжээ.
Токиогийн паралимпод оролцож мөн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан Д.Сэлэнгээ паралимпод дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ төрлийн алт, мөнгөн медалийг Хятадын тамирчид болох Вү Чүнян, Вү Ян нар хүртсэн юм.