Манай улс ахмадын баярыг тэмдэглээд 24 жил болж байна. Хүн амын 11 хувь нь ахмад настан байна. Өөрөөр хэлбэл, 370 мянга гаруй ахмад бий юм.
Тэтгэврийн зээлээр амьдрал, ахуйгаа залгуулдаг олон хүний тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ахлуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэл гаргасан. Түүнийг УИХ яаралтай хэлэлцэн баталсан. Анхны санаачилга нь тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэх байсан бол Монголын ахмадын холбооны байр суурь нь бусад ахмадыг ч орхигдуулахгүй байхад чиглэж, байр сууриа илэрхийлсэн. Улмаар бүх ахмадыг хамруулсан арга хэмжээ авахаар УИХ хуульчилсан. Манай улсад ахмад насны тэтгэврээрээ амьдралаа залгуулдаг олон айл бий. Өнөөдөр тэтгэврийн дундаж 409 мянган төгрөг. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байна. Ахмадууд тэтгэвэрт гараад 22.5 жилийн хугацаанд тэтгэвэр авч чаддаг гэх дундаж үзүүлэлт бий.
6 сая төгрөг хүртэлх зээлийг бүрэн тэглэж, түүнээс их зээлтэй бол илүү гарсныг иргэн үргэлжлүүлэн төлж, огт тэтгэвэр аваагүй иргэдэд “Эрдэнэс бонд” олгохоор болсон. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны тавдугаар сар гэхэд 200 мянга орчим ахмадад бондын санхүүжилтийг олгохоор төлөвлөжээ.
Монгол Улс дэлхийн 232 орноос хүн амын тоогоороо 136, төрөлтийн түвшнээрээ 66, дундаж наслалтаараа 143-т эрэмбэлэгддэг. Дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 66.1, эмэгтэйчүүдийнх 75.8 жил байгаа юм.
1. Хиймэл шүд – 3 жил тутамд нэг удаа.
Үнэт металлаас бусад материалаар дотоодод хийлгэсэн шүдний протез (хиймэл эрхтэн)-ийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгоно.
2. Хиймэл шүднээс бусад протез, ортопедийн хэрэгсэл – 5 жил тутамд нэг удаа.
Хөл, гарны протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгоно.
3. Ахмадын зориулалттай амралт, сувилалд амрах хөнгөлөлт – Жил бүр нэг удаа.
Ахмад настанд 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн 1 ор, хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээ 20 мянган төгрөг. Харин аймаг, дүүргийн ХХҮГ-ын харьяаллын ахмадын сувиллын газарт 1 ор, хоногт 13 мянган төгрөг байна.
Амралтын 30, сувиллын 54 байгууллага магадан итгэмжлэгдсэн байгааг энд дарж үзнэ үү.
4. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол түлш, дулааны тусламж – Жил бүр нэг удаа.
Тэжээн тэтгэх хүүхэдгүй буюу боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан 140 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгоно. Мөн ганц бие ахмадын тоо жил бүр нэмэгдэж, тэдний 72 орчим хувийг эмэгтэйчүүд, 28 орчим хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа статистик бий.
5. Эмчилгээ шаардлагатай ахмадад рашаан, сувилалд амарч сувилуулах тохиолдолд зардлын нөхөн олговор – Жил бүр нэг удаа.
Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан, сувилалд амарч, сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50%, хүндэт донор ахмад настанд 100% нөхөн олгоно.
6. Нийслэлээс 1000 км алс газраас орон нутгийн эрүүл мэндийн байгуулагынхаа эмнэлэг, хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлын нөхөн олговор – Жил бүр нэг удаа.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг, тухйн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилнэ.
7. Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх - жил бүр хоёр удаа.
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд, Ахмадын өдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан ААН, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна. 10 мянган төгрөг. Ажиллаж байсан ААН нь дампуурсан, татан буугдсан бол ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэнэ.
8. Насны хишгийг ахмадын насны ангиллаас хамаарч өөр хэмжээгээр олгох – жил бүр хоёр удаа.
65 болон түүнээс дээш настай ахмадууд бүрэн хамрагдах бөгөөд Цагаан сар, ҮНдэсний их баяр наадмыг тохиолдуулан олгоно. 65-69 настай бол 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 100 мянга, 90 ба түүнээс дээш настай бол 200 мянган төгрөг.
9. Ахмад настанд сар шинийн баярын хүндэтгэл үзүүлэх – Жил бүр нэг удаа.
Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно.
10. Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барвал тусламж – Нэг удаа.
Ахмад настан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй байхад нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү буюу 1 сая төгрөгийн тусламж олгоно.
11. Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т мөнгөн тусламж - Сард нэг удаа.
Уг тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200 000 төгрөгөөр шинэчлэн баталсан. Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200,000 төгрөгөөр шинэчлэн баталсан.
Хөдөлмөр эрхлэлтийн хувьд тэдэнд зөвлөх үйлчилгээг бий болгож Монголын ахмадын холбоо хэрэгжүүлж буй юм. Энэ оны эхний найман сарын байдлаар зөвлөх үйлчилгээнд 311 ахмад мэргэжилтэнг хамруулж, 102.5 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 338 ахмадыг хамруулж, 711 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ. Үүний үр дүнд 357 түр болон байнгын ажлын байр бий болгосон байна. Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар “Хөдөлмөр эрхлэлтийн сонирхлын талаар судлахад нийт ахмадын 67.2 хувь буюу 180 гаруй мянган ахмад настан ажил эрхлэх сонирхолтой гэсэн дүн гарсан" хэмээн ярьжээ.
Нийгмийн оролцоо, хөгжлийг хангах өөр нэгэн арга хэмжээ бол ахмадын ордон, ахмадын өргөө. Манай улсын хэмжээнд 21 ордон, 420 өргөө бий. Энд ахмадуудыг нийгмийн амьдралд оролцуулах, хөгжих, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа орон нутгийн төсвийн санхүүжилттэй явагддаг байна. Гэвч Монголын ахмадын холбооныхон эдгээр өргөөний нөхцөл, талбайд шүүмжлэлтэй ханддаг аж.